Сүүлийн өдрүүдэд Тамхины хяналтын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд цахилгаан тамхи болон бусад никотин агуулсан бүтээгдэхүүний татварын асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Өчигдөр /2026.06.22/ УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн өөрийн цахим хуудастаа танилцуулсан тооцооллоос харахад 20 ширхэг янжуур тамхинд ногдох татварын өсөлт 10,910 төгрөг байхаар байгаа бол 2 мл шингэнтэй цахилгаан тамхинд ногдох татварын өсөлт 24,810 төгрөг байхаар тусгагджээ. Өөрөөр хэлбэл, цахилгаан тамхинд янжуур тамхинаас 2.2 дахин өндөр татвар ногдуулахаар байгаа юм.
Үүнтэй зэрэгцэн хуулийн төсөлд цахилгаан тамхины амт, үнэрийг хориглох зохицуулалт орсон бол янжуур тамхины зах зээл дээр өнөөдөр худалдаалагдаж буй гаатай болон бусад амттай бүтээгдэхүүнүүдийн асуудал тодорхойгүй хэвээр байна. Ийм нөхцөлд хэрэглэгчдэд ямар дохио очих вэ гэдэг асуулт гарч ирж байна.

Төрийн бодлогын зорилго нь тамхидалтыг бууруулах, эрүүл мэндийн эрсдэлийг багасгах явдал бол бүтээгдэхүүнүүдийн зохицуулалт нь эрсдэл, хэрэглээний бодит нөхцөл байдал, зах зээлийн онцлогт тулгуурлах ёстой. Гэтэл нэг төрлийн бүтээгдэхүүнд илүү өндөр татвар ногдуулж, сонголтын үндсэн шалтгаан болдог амт, үнэрийг нь хориглохын зэрэгцээ нөгөө төрлийн бүтээгдэхүүнд харьцангуй зөөлөн нөхцөл үлдээж байгаа нь бодлогын үр дүнд эргэлзэхэд хүргэж байна.
Мөн татварын тооцоолол дээр анхаарах шаардлагатай хэд хэдэн асуудал бий. Танилцуулж буй үнийн төсөөллүүд нь инфляц, төгрөгийн ханшийн өөрчлөлт, хөрш орнуудын зах зээлийн бодит үнэтэй хэрхэн уялдаж байгаа нь тодорхойгүй байна. Монгол Улс далайд гарцгүй, импортын хамаарал өндөртэй улсын хувьд хөрш орнуудтай үнийн зөрүү хэт их үүсгэх нь хүсээгүй үр дагавар дагуулдаг.
Дэлхийн олон орны туршлагаас харахад татварын огцом өсөлт нь хууль ёсны худалдааг бууруулахаас гадна хууль бус худалдаа, контрабанд, татвар төлдөггүй барааны эргэлтийг нэмэгдүүлэх эрсдэлтэй байдаг. Ялангуяа хөрш орнууд дахь ижил төрлийн бүтээгдэхүүний үнэ Монголын зах зээлээс мэдэгдэхүйц хямд хэвээр байвал хил дамнасан хууль бус нийлүүлэлт нэмэгдэх эрсдэл бодитоор үүсдэг.
Иймээс татварын бодлого боловсруулахдаа зөвхөн орлого нэмэгдүүлэх эсвэл хэрэглээг шууд хязгаарлах зорилгоор бус, харин зах зээлийн бодит нөхцөл, инфляц, валютын ханш, бүс нутгийн үнийн түвшин, хууль бус худалдааны эрсдэлийг хамтад нь тооцох шаардлагатай. Эс бөгөөс сайн санаатай бодлого нь эсрэгээрээ татварын орлогыг бууруулж, хяналтгүй зах зээлийг тэлэх эрсдэлтэй.
Тамхины хэрэглээг бууруулах нь зөвхөн татварын хэмжээний асуудал биш. Харин хэрэглэгчийг ямар сонголт руу чиглүүлж байгаа, ямар бүтээгдэхүүнд ямар зохицуулалт үйлчилж байгаа, тэр бодлого нь бодит амьдрал дээр ямар үр дүн авчрах вэ гэдгийг цогцоор нь харах шаардлагатай юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна