“Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ Цам Даншиг наадам 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

Б.Мөнхболд
2 цаг 3 минутын өмнө

“Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр- Хүрээ Цам даншиг наадам -2026” арга хэмжээний хүрээнд Монголын эстрад, дуу хөгжмийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулж, олон арван жилийн турш үе үеийн сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн домогт “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт 2026 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Тоглолт 20:00–00:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд Монголын рок, поп хөгжмийн өнгийг тодорхойлсон үе үеийн шилдэг уран бүтээлчид нэгэн тайзнаа чуулах юм.

Хүндэтгэлийн тоглолтод Соёл-Эрдэнэ, Өргөө, Хонх, Niciton, Шар айраг, Дэлхий, Nisvanis, The Lemons хамтлагууд оролцож, өөрсдийн шилдэг бүтээлүүдээсээ хүргэх юм.

Мөн МУАЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Ч.Насантогтох, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУУГЗ Я.Одсүрэн, МУГЖ С.Бархас, МУГЖ С.Наран, МУГЖ Ж.Алтанцэцэг, гитарчин Өөжгий, дуучин Н.Наагий, Б.Наки, Б.Оюу, Б.Хонгор, Г.Тэнүүн, Б.Анужин нар оролцож, үзэгч сонсогчдод ая дуугаа өргөн барина.

Тоглолтын үеэр “Цэнхэр залаа”, “Анхны хайрын дуу”, “Сансрын хөлөг”, “Хотын гэрэлт гудамж”, “Арван найман нас минь намайг бүү орхиоч”, “Тэмээн жингийн цуваа”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг Монголын хөгжмийн алтан сан хөмрөгт багтсан бүтээлүүд амьд хөгжим, амьд дуугаралттайгаар эгшиглэж, үе үеийн дурсамжийг сэргээх онцгой үдэш болох юм.

Энэхүү тоглолт нь зөвхөн нэг хамтлагийн ойг тэмдэглэх төдий бус Монголын эстрадын дуу хөгжмийн хөгжлийн түүх, үе үеийн сонсогчдын дурсамжийг нэгэн дор нэгтгэсэн урлагийн томоохон хэмжээний арга хэмжээ юм.

Эрхэм нийслэлчүүд та бүхнийг энэхүү хүндэтгэлийн тоглолтод хүрэлцэн ирж, Монголын хөгжмийн амьд домгуудтай хамт нэгэн үдшийг өнгөрүүлэхийг урьж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.150
    31 минутын өмнө

    Хүн шоолж шоглон өайж элсэж ордог элгээрээ хатсан тагнуулийн бхйгууллага гэж дэлхийд бдаггүй юм

    Хариулах