“Тэтгэвэр, тэтгэмжийг яаралтай горимоор хуралдаж, шийддэг зүйл биш”

Zuv.mn
3 цаг 15 минутын өмнө

Засгийн газраас яаралтай горимоор хэд хэдэн хуулийн төсөл өргөн мэдүүлсний нэг нь Нийгмийн даатгалын тухай хууль. Энэ хуулиар дамжуулж тэтгэврийн реформ хийхээ Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдсэн билээ. Энэ асуудалд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр,

-Ардчилсан намын өнөөдрийн 4/11 мэдээлийн цагаар улс төрийн хүрээнд өрнөж буй цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Баяр наадам болох гээд олон нийт хөл хөдөлгөөн ихтэй байгаа энэ үед УИХ сунаж хуралдана, олон чухал хуулийг яаралтай горимоор хэлэлцэнэ гэж шал түүхий юм хийж байна. Эрх баригчид энэ мэтчлэн өөрсдийн хуулиа яаралтай горимоор хэлэлцүүлчихэд манай намын гишүүдийн хуулийн төслийг хэлэлцэхгүй жил сараар дарчихдаг.

Яаралтай горимоор хэлэлцэнэ гэдэг бол хөнгөн хуумгай хэрэг. Нийгмийн дааталын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ горимоор явж байгаа. Тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг яаралтай горимоор шийддэг ч зүйл биш. Бэлтгэл, судалгааг нь сайн хийж байгаад намар хэлэлцэх ёстой” гэв.

Тэгвэл энэ хуулиар одоогийн байгаа орчныг улам дордуулж, яаралтай горимоор халхавчилж хүний эрх зөрчиж байна хэмээн МҮЭХ-ноос мэдэгдэв.

“Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭ-ийн дарга Ж.Мөнгөншагай энэ талаар “Хүнд нөхцөлд ажиллана гэдэг албан тасалгаанд суугаад хэвийн орчинд ажиллахаас тэс өөр ойлголт. Хууль боловсруулж, санаачилж байгаа хүмүүс хүнд нөхцөлд ажиллаж буй ажилчдын ажлын байртай нэг танилцаад үзэх хэрэгтэй. Ядаж нэг өдөр чухам ямар нөхцөлд ажиллаж байгааг нь судалж үзчихээд энэ хуулийг ярих хэрэгтэй. Тэтгэвэр, тэтгэмжийн хуулиуд нь хүнээ бодсон биш сангуудаа хамгаалжээ. 2018 онд долоон жилийн дунджаар тэтгэвэр, тэтгэмжийг тогтоодог байсан. 2023 онд таван жилийн дундаж болгож өөрчилсөн. Одоо 10 жилийн дундаж болгон өөрчлөх гэж байгаа. Энэ бол алд дэлэм зөрүүтэй ойлголт, хүний эрхэд халдаж буй явдал. Цалингаас өөр орлогогүй олон мянган ажилчны эрх рүү халдаж буй үйлдэл. Тэтгэврийг таван жилийн дунджаар тооцож байгааг 10 жил болгож өөрчлөх нь зөвхөн САН-гуудаа хамгаалж буй бодлого байна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна