“Нусан багааяа” инээдмийн уран сайхны кинонд өсвөр насны гэгээлэг охины дүрээр үзэгчдийн хайрыг нэлээдгүй татсан залуу уран бүтээлч Хээкү буюу А.Хэрлэнтэй ярилцлаа. Тэрээр хэдийгээр мэргэжлээрээ ажиллаагүй ч хүсэл мөрөөдлийнхөө төлөө зориг шулуудан дуртай зүйлээ хийн, жүжигчний замналаа эхлүүлэн яваа нэгэн.
-Сайн байн уу? Юуны өмнө бидэнд уран бүтээлч А.Хэрлэн гэх хувь хүнийг танилцуулаач?
-Сайн байцгаана уу? Намайг Амартүвшин овогтой Хэрлэн гэдэг. Би сэтгүүлч мэргэжилтэй. Гэхдээ одоогоор кино урлагт хүч үзэхээр ажиллаад явж байна.
- Энэ зүйл л миний хийх ёстой зүйл юм байна гэсэн мэдрэмж төрж байв уу? Байсан бол яг хэзээнээс урлагийн хүн болохоор шийдсэн бэ?
-Их сонин л доо. Хүүхэд байхаасаа л эмч, цагдаа гэх мэт бүх л гоё гэсэн арав гаруй мэргэжил сонирхож байсан. Бүгдийг нь эзэмшинэ гэж ярьдаг байсан. Манай эцэг, эх “Тийм хүн байдаггүй юм аа” гээд л хэлдэг байсан. Тэгвэл энэ бүхнийг хийж болдог ямар хүн байдаг бол гэж бодож эхэлсэн. Жүжигчин байдаг.
Тэгээд л СУИС-ын харьяа Бадмаараг ахлах сургуульд жүжигчний ангид элсэн ороод арван жилээ дүүргэж байсан. Бүх хүний дүрд хувирч, кинонд тоглох үйл явцдаа тухайн хүний ертөнцөөр амьдарч, найруулагчийн өгсөн дүрийг амьлуулахын тулд бүхий л зүйл дээр нь ажилладаг мэргэжил. Тэр болгон нь надад үнэхээр сайхан санагдаад яг энэ л зүйл юм байна гэж боддог байсан.
-Яагаад сэтгүүлч мэргэжилийг сонгох болсон бэ?
-Манай ээж маань сэтгүүлч гэдэг мэргэжлийг бүх тал руугаа хувирч чаддаг мэргэжил болохыг анх надад ойлгуулж байсан. Би жүжиглэх урлагаар явдаг байсан хэдий ч хүнтэй нээлттэй харьцаж чаддаггүй, хүний нүүр лүү эгцэлж хараад мэндэлж чаддаггүй хүүхэд байсан. Энэ чиглэлийг сонгосноор өөрийгөө илүү нээж, хэн болох, ямар үзэл бодолтой нэгэн гэдгээ ойлгож авсан. Миний оюуны чавхдасыг улам тэлж өгсөн мэргэжил юм болов уу гэж боддог.
Гэхдээ хүсэл зорилго маань жүжигчин байсан болохоор урлагт зүтгээд үзье гэж шийдээд, хэрвээ намайг хэн ч тоохгүй, би үнэхээр авьяасгүй байвал сэтгүүлчээр ажиллаад явна гэсэн А Б варианттай бодож орсон. Нэг бодлын муухай ч гэсэн миний амьдралд хэрэгтэй зүйл байсан.
-Таныг хүмүүс “Нусан Багааяа” киноны Чимэгээгийн дүрээр таньдаг шүү дээ. Тухайн дүрээс авсан мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?
-Нусан Багааяа миний хамгийн хайртай кинонуудын нэг. Кино зураг авалтын үеэр яг л арван жилийн үерхэл, нөхөрлөлийг мэдэрч чаддаг байсан. Бид бүхэн жүжиглэхийн хажуугаар халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж ажилласан. Зураг авалт дууссан ч нэгнийгээ санах тохиолдол их байсан. Миний хувьд хамгийн гэгээлэг кино.
-Анхны юм бүхэн хэцүү байдаг. Таны хувьд хамгийн анхны кино, анхны зураг авалт хэр байсан бэ?
-Хүмүүсийн зорилго том байдаг бол минийх тийм байгаагүй. Шат дараалалтай байлгахыг хүссэн. Хамгийн анх рекламд тоглож үзмээр санагдаад үнэгүй тоглож өгдөг, постер зураг гэж ямар зураг байдаг юм бол оо орж үзэх юм сан гээд л их боддог, түүндээ тоглочхоод байнга сайт руу нь орж өөрийгөө хараад өөртөө дурлаад л, цаашлаад ведио дүрсэнд ордог болоод, алхам алхмаар урагшлах тусам энэ мэргэжлийн үнэ цэнийг улам их мэдэрч эхэлсэн. Хамгийн анхны кино маань Ээтэн мөр фильмийн “Жишүү” гэх богино хэмжээний аймшгийн, инээдмийн кино байсан. Одоохондоо дандаа инээдмийн кинонд тоглож үзсэн байна.
-Дүүтэйгээ цахим орчинд нэлээд идэвхтэй байдаг. 14 насны зөрүүтэй ч яаж үеийн охид шиг халуун дотно харилцаатай байдаг вэ?
-Би өөрөө эгчгүй өссөн болохоор 5 настай байхдаа ээжээсээ эгч гаргаад өг гуйж байсан хүүхэд. Тэгсэн өөрөө эгч болчихдог юм байна лээ. Анх 14 насандаа дүүтэй болно гэдэг их хүнд тусч байсан. Шилжилтийн нас байсан болоод ч тэр үү баярлаж хүлээж аваагүй. Дүүгээ харах дургүй, зугтаадаг, хичээлээр далимдуулаад хэсэг дүүгээ харахгүй үе байсан. Гэсэн ч намайг хичээлээ тараад ирэхэд “Аниа” гээд л гүйгээд ирдэг тэр жаахан амьтныг хараад л хайр хүрээд явчихдаг байлаа. Манай ээж Солонгос улс руу яваад дүүтэйгээ хоёулхнаа үлдсэнээс хойш хорондоо илүү дотно болж, 2 настай үеэс нь бараг ээж нь болж амьдарсан даа.
Би чиний эгч чи миний дүү гэж харьцахаас илүүтэй надтай чөлөөтэй харьцдаг болоосой гэдэг үүднээс үеийн юм шиг харьцаж эхэлсэн. Шоглож, дооглох гэх мэт зүйлсийг их хийдэг болсон үеэс одоогийн бид хоёрын харьцаа үүссэн.
-Дүүгийнх нь үеийн өөрийгөө хараахан олж амжаагүй яваа өсвөр насны хүүхдүүдэд хандаж хэлэхийг хүсдэг үг байдаг уу?
-Гэр бүл гэдэг маш чухал зүйл. Тэдэнтэйгээ ярилцдаг байх хэрэгтэй. Хүнд хамгийн хэрэгтэй, чамайг хамгаалах нэгэн гэр бүлийнхэн чинь байдаг. Бусад хүмүүс чамайг гоё сайхнаар магтдаг байж болох ч эргээд дэвслэх нэгэн бас олон байдаг учраас чамайг хүн болгосон хүмүүстэй л ойрхон байгаарай. Тэд чиний хүсэл зорилгыг сонсож, хамт хайлцаж өгөх ёстой хүмүүс байдаг. Тиймээс хайртай хүмүүстэйгээ л ойр байвал хүн өөрөө өөрийгөө олоод явчихна.
-Та одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
-Одоогоор “Крашаа эзэмд” гэх уран бүтээлд үеийн залуучуудтай ажиллаж байна. Урд нь өсвөр насны гэгээлэг хайр дурлалын тухай кинонд тоглож байсан бол анх удаа насанд хүрсэн хүний дурлалыг харуулахаар дүр бүтээж байгаа. Таатай байхын зэрэгцээ үүнийг чадах эсэхдээ айж, гайхаж байна.
-Эцэст нь үеийнхаа залуучуудад хандаж үг хэлээд энэхүү ярилцлагаа өндөрлөе.
-Хайрыг хүн ямар ч зүйлээр илэрхийлж болдог. Эрэгтэй, эмэгтэй хэн ч бай зориг гаргаад, таалагддаг нэгэндээ очоод эхний алхамыг хийгээд, хайртай хүндээ захиа бичих, бодитоор бие биетэйгээ уулзаж, болзоонд урих гэх мэт зүгээр л энгийн хэрнээ амьд харилцааг бий болгоорой.
Хүнд хэзээ ч сайхан үг оройтдоггүй, бас илүүддэггүй. Хүнд муухай үг хэлэхгүй байлаа гээд бас бүтэж үхэхгүй шүү дээ. Тийм болохоор аль болох бусдад урам хайрлаж, сайн яваа нэгэндээ сайхан үг хэлж байх хэрэгтэй. Эргээд тэр шагналыг хүртэх нэгэн та байх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна