ХХ зуунд монголчуудын уул уурхайн салбарт хийсэн хамгийн том бүтээн байгуулалт уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр байсан. Ашиглалтад орсон даруйдаа дэлхийн хамгийн том 10 уурхайн тоонд багтаж байсан энэ том уурхай улстөрчдийн “саалийн” үнээ гэгдэх үг гартал монголчуудыг тэжээж байна. Улстөрчид энэ үйлдвэрийн захирлаар өөрийн хүнээ томилуулж, элдэв бараа бүтээгдэхүүн шахаж, тэндээсээ танил талаараа дамжуулан ашиг олдог гэх яриа ч амнаас ам дамжин яригдсаар өнөөдөрт иржээ.
Тус үйлдвэр 214,621.700 сая төгрөгөөр хоол үйлдвэрлэлийн газар буюу гал тогоондоо их засвар хийхээр тендер зарлажээ. Хоёр сар орчмын хугацаатай зарласан уг тендерийн материал хүлээн авах хугацаа наймдугаар сарын 24-нд дуусна. Одоогоор хэдэн аж ахуйн нэгж тендерт материалаа ирүүлсэн талаарх тодорхой мэдээлэл алга. Тус үйлдвэрийн цайны газрыг засахад 200 гаруй сая төгрөг зарцуулна гэдэг нэг талдаа том тоо.
“Эрдэнэт” үйлдвэр бол манай улсын хамгийн том татвар төлөгч, асар их мөнгө эргэлдэг газар. Хэдэн зуун тэрбумаар хэмжигдэх худалдан авалт хийдэг, тэр чинээгээрээ хардлага дагуулдаг. Олон нийт ч тэгж хардах нь зүйн хэрэг. Тэр ч утгаараа санхүүгийн хяналтыг хатуу тавьж, худалдан авалтыг нээлттэй, ил тод байлгах ёстой ч энэ үүргээ удирдлагууд нь умартаж, шилэн дансаа алдаг оног хөтөлж, бүрэн бөглөхгүй үлдээж ор нэр төдий байх болсон билээ. Сүүлийн дөрвөн жил захирлаар нь ажиллаж Хөдөлмөрийн баатар болсон Г.Ёндонгийн орлого, хадгаламж хэд дахин өссөн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна