БЭЛЧЭЭРИЙН ДОРОЙТОЛ, УСНЫ ХОМСДОЛ: Монголын биш дэлхийн бэрхшээл...

Х.Батсайхан
1 цаг 0 минутын өмнө

Дэлхийн олон улс орон "Цөлжилтөд хүн амын өсөлт, хүний буруутай ажиллагаа, малын тоо толгойн өсөлт, бэлчээрийн хэт их ашиглалт гэсэн дөрвөн хүчин зүйл хамгийн хүчтэй нөлөөлдөг" гэж тодорхойлоод хүн амын тоог цөөлөхөөс бусад чиглэлд тодорхой ажлуудыг хийгээд явж байна. Тодруулбал, уул уурхайг хариуцлагажуулан нөхөн сэргээлтийг чанартай хийж, малын ашиг шимийг нэмэгдүүлэн, тоо толгойг багасгаж байгаа юм.    

МАЛ АЖ АХУЙД ТУЛГАРСАН БЭРХШЭЭЛ: ОРШИХ УУ, ЭС ОРШИХ УУ

Бэлчээрийн  хүрэлцээ, цөлжилтөд оруулж буй хувь нэмэр, хүн төрөлхтний хоол хүнс дэх үүрэг оролцоо гээд аль ч талаас нь харсан хөгжил буурай орнуудын мал аж ахуйн салбар одоо маш эгзэгтэй, цаашдын хөгжлийн загвараа тодорхойлох үедээ ирээд байна.

Мах, сүү нь хүн төрөлхтний хувьд уургийн маш чухал эх үүсвэр. Хөгжиж буй орнуудад иргэдийн орлого нэмэгдсэнтэй холбоотойгоор махны хэрэглээ сүүлийн 30 жилд 30 гаруй хувиар нэмэгджээ. Энэ өсөлт нь өндөр хөгжилтэй улсын иргэдийн тэртэй тэргүй асар их хэрэгцээн дээр нэрмээс болж, эрэлт үүсгэх болсон байна. АНУ-ын нэг иргэн жилд дунджаар 222 фунт мах иддэг гэсэн тооцоо бий. Энэ янзаараа 2030 он гэхэд дэлхийн хүн ам 8.3 тэрбум болж, хэрэгцээ дахин 80 хувиар өснө гэсэн таамаг ч байна. Гэтэл энэ их хэрэгцээг эх дэлхийн хязгаарлагдмал бэлчээрийн нөөцөөрөө хэрхэн хангах билээ.  

Өнөөдөр дэлхий дээр 1.4 тэрбум толгой мал, мөн тооны гахай, тахиа хоёр тэрбум га бэлчээрийг ашиглан өсөж үржиж байна. Бид бүгдээрээ нэгэн зэрэг цагаан хоолтон болдоггүй л юм бол малын тоо толгой цаашид ч нэмэгдэх нь тодорхой. Гагцхүү нөөц бололцоо нь арай шавхагдчихаагүй байгаа учраас л эрдэмтэд хийх ажилтай байж, ашиг шим нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ажлыг хийж байна.

Тухайлбал, АНУ-д сүүний чиглэлийн үнээ 75 жилийн өмнөхөөс дөрөв дахин их сүү өгдөг болжээ. Гэхдээ  энэ нь мөн л хэсэг хугацааны дараа чинээндээ тулах нь тодорхой. Тиймээс одоо эрдэмтэд асуудлыг том зургаар харж, дараагийн алхмыг эрэлхийлээд эхэлсэн байна. Олон хувилбарын дотор ер нь мал аж ахуйг цаашид бэлчээрийн байлгах нь зохисгүй гэсэн санаа ч явж байна.      

Учир нь хүн төрөлхтөн уургийн хэрэгцээнийхээ 20 хувийг махнаас авдаг. Гэтэл энэ 20 хувийг хангаж байгаа мал нийт бэлчээрийн 40 хувийг эзэгнэж, үр тарианы 1/3, өвс ургамлын 86 хувийг идэж байдаг  нь ашигт үйлийн коэффициент бодох шалтгаан болжээ. Хэрэгцээнийхээ 20 хувийг хангахын тулд бэлчээрээ талхлуулж байснаас больчихоод илүү өндөр ашиг шимтэй ургац авах нь дээр бус уу гэсэн санаа ч явж байна. Малынхаа тоо толгойг цөөлж байгаа Австрали /Тус улсын хонин сүргийн тоо толгой түүхэн доод түвшинд хүрээд буй/ зэрэг улс нь яг энэ бодлогын дагуу явж байна. Гарсан орон зайг нь шавьж хорхой зэрэг уургийн шинэ эх үүсвэр олох, органик бодисыг генийн инженерчлэлийн аргаар өөрчлөх технологиор нөхнө гэж тооцжээ.    

Манайд дөнгөж эхлэл нь тавигдаж буй эрчимжсэн мал аж ахуй өнөөдөр өндөр хөгжилтэй орнуудад зүйрлэж хэлбэл 4G, 5G түвшинд хүрсэн байна. Мал нэг бүрийн эрүүл мэндийг чип, хүзүүвчээр хянаж, шаардлагатай үйлчилгээг үзүүлдэг, бэлчээрлэх орон зайтай бол дроноор хянадаг болжээ.

Тусгай технологи ашиглан тэжээлийн бодисоор ядмаг ургамлаас өндөр илчлэг авах боломж бүрдүүлж, услагааг хүртэл /жирийн биш ус/ ашиг шим нэмэгдүүлэх нэг арга болгосон байх юм.    

МОНГОЛЫН БЭРХШЭЭЛ 

Монгол орны МАА-н үйлдвэрлэлийн тогтвортой байдалд тулгамдаж буй хамгийн том хүндрэл нь бэлчээрийн доройтол, усны хомсдол болжээ. Мал сүргийн тоо толгой түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Малыг мах гэж хардаг хүмүүсийн хувьд энэ бол сайн мэдээ. Гэвч ашиг шимийг нь хүртэх, тал дээр хийх ажил их байгааг бодит байдал харуулж байна.

МОНГОЛ НҮҮДЛИЙН БИШ, ХЭТ ХОЛЫН НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙТАЙ БОЛЧИХЖЭЭ

Хүн амын ихэнх нь төвлөн амьдарч буй нийслэлд сүүлийн хэдэн жил бороо хур элбэг сайхан байсан. Тэгвэл улсын хэмжээнд алагтай цоогтой, жил дараалан ган болсон аймгууд олон байна. Тиймээс гантай нутгийн малчид зургадугаар сараас авахуулаад л малаа оторлон холын замд гардаг болж. Нүүдэл Баянхонгороос баруун тийш Говь-Алтай, Ховд, зүүн тийш Хөвсгөл, Завхан хүртэл, Дундговиос Төв, Сэлэнгэ гэх мэтээр аймаг алгасаж үргэлжилж байна.

Мал ихтэй, зөвхөн зарж арилжих малаа тууж яваа гэхэд л “Нэг айлын 1000”, “Хоёр айлын 1500 мал яваа” гэхчлэн ярих юм. Оторчид ийнхүү нутаг сэлгэх болсныг зөвхөн бороо хур, зуншлгатай холбож ойлгож болохгүй, малын тоо олширч бэлчээрийн даац хэтэрснийг оторчид хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, отор байнгынх болжээ.

Жишээ нь Баянхонгор аймаг 2010 онд 1 962 997 толгой малтай байсан бол 10 жилийн дотор 4 644 871 болж өссөн байна. Тиймээс бэлчээр хүрэлцэхгүй болж, гайгүйгээ нутаг орондоо үлдээгээд туниа муутай туранхай малаа туугаад оторт гардаг болж. Энэ нь нэг талаас харвал илүүдсэн малаа бусдын бэлчээрийг идүүлж олз ашиг олох гэсэн мэт. Нөгөө талаас харвал, өөрсдийнх нь нутагт бас л өөр аймгийн оторчид ирж нийлээд идчихсэн болохоор хаа хаанаа адил нөхцөлд орчихож. Хүний нутаг, өөрийн нутаг гэсэн ойлголт үгүй болсон байна. 

Зургаан жилийн өмнө  Говь-Алтайд жижигхээн задгай усан дээр 200 000 гаруй мал бөөгнөрсөн байхыг үзсэн. Уснаас болж муудалцаж байхыг нь харсан. Хэт холын нүүдэл хийж яваа тэр оторчдын нэг нь “Энд ус нь задгай юм болохоор харин ч гайгүй байна. Худагтай байсан бол хэцүүдэж мэднэ. Одооны малчид бэлчээр, уснаасаа болж муудалцаад ах дүү, хамаатан саднаа ч болих шинжтэй” гэсэн нь нэгийг хэлнэ. 

Мал сүрэг улсын хэмжээнд 2010-2019 онд 32 729 530-аас 90 орчим сая болж, бараг гурав дахин өссөн. Энэ хооронд нийт бэлчээрийн 60 хувь нь доройтож, жилд дунджаар 5000 орчим гол мөрөн, 10.000 булаг шанд, 3500 нуур тойром, 500 рашаан ширгэж байна. Эргэж сэргэж байгаа нь бас олон ч ширгэж байгаа хэмжээнд хүрэхгүй байгаа юм.  

42 км-ийн гүйлтийг марафон, 100 км-ийг хэт холын марафон гэдэг шиг манай монголчууд сум дамждаг нүүдлийн байснаа аймаг алгасдаг хэт холын нүүдлийн мал аж ахуйтай болчихсон байна.

ХҮН МАЛГҮЙ ХАРАНГАДАХ АЮУЛ ОЙРХОН БАЙНА

Малчидтай бэлчээрийн талаар яриа өрнүүлэхэд худаг усны асуудлыг бэлчээрийн доройтлоос илүү чухалд тооцож байлаа.  Хур бороо бага, гадаргуугийн ус ховор говь нутагт мал аж ахуйн усан хангамжийг гүний худгаар шийддэг. Тэгвэл  өдгөө говийн болон баруун бүсийн өмнөд нутагт байгаа худгуудын хөрсний ус доошилж, шүүрэлт нь илт багасаж, зарим нь бүрмөсөн ширгэжээ. Тиймээс байгаа ганц нэг худаг дээрээ хэтэрхий олон айл шавж тэр хавийнхаа бэлчээрийг талхалдаг юм байна.

Тэр жил Говь-Алтайд томилолттой явж байхад “Худаг гаргаад өгчихвөл нутаг бэлчээр уг нь байгаа” гэж нэг бус малчин өгүүлсэн.

Нэг нь бүр “Худаг ус гаргаж өгөхгүй байсаар уул уурхай болгочих тохиолдол байна. Усаар нь хясаж хүн мал ойртуулахгүй байж байгаад ухдаг юм биш үү” гэж хардаад байгаа” гэсэн билээ.

Өмнө нь хэвийн дүүргэлттэй худаг ширгэж хатсан тохиолдол ч таарсан. Хөхморьт сумын нутаг дахь Шар харганын худаг 130 метр гүн өрөмдлөгтэй ч энэ хавар ширгэж усгүй болжээ. Тэр хавьд уг нь хэдэн малын даац авчихаар газар байсан гэж Хөхморьт сумын малчин А.Таванцэрэг бидэнд ярьсан юм. 

Ойр зуурт таарах малчидтай худаг усны талаар хөөрөлдөхдөө тэднийг бас худгаасаа ундаалдаг юм бодож байсан нь буруу болохыг ч А.Таванцэрэг залруулсан. “Манай эндхийн худгууд борзонтой учир хүн ууж болдоггүй. Тиймээс бид 15-20 км холоос амны усаа зөөдөг” хэмээн ярьсан юм. Говийн худгууд ер нь тийм гэнэ. Хэчнээн гүний ус ч хужиртай учир хүнд тохиромжгүй байдаг аж. Харин малд бол чихэр л гэсэн үг гэнэ лээ. Хөхморьт сум 2019 онд аймгийн төсвийн 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар төвийнхөө нэг худгаа иж үрэн шинэчилж, шүүлтүүр тавьж сайхан болгожээ. Харин хөдөө рүүгээ байдал хүнд байна. Малчдаас тулгамдсан асуудлуудыг нь сонсож явахад худагт шүүлтүүр тавьж хүн уух боломж бүрдүүлбэл том дэмжлэг болно гэцгээж байв.  

Аймаг орон нутгийн төсөвт худаг ус гаргах мөнгө жил бүр суулгадаг. Харин сүүлийн үед Засгийн газраас тэвчиж болох зардлаа бүгдийг тэвчих бодлого барьж байгаа тул тэвчиж байгаа нь байна.   

БИРЖ ҮҮ, ЧЕНЖ ҮҮ

Бэлчээрийн доройтол мал сүргийг ган зуд, бусад эрсдэлд улам эмзэг болгодог. Малын тоо толгой ихсэх тусам ган, зудад  маш хүчтэй өртөж, ихээхэн хохирол амсдаг, амьдрал дээр ч батлагддаг. Тиймээс энэ өвөл малын тоо толгой ихээр хорогдох магадлал өндөр байна. Гэтэл малчдаас малыг нь авах газар алга.

Малыг нь худал үнэн хэлж голоод хямд авах гээд байгаа талаар хэлж гоморхсон малчинд үнэндээ хэлэх үг олоогүй. Дэмий л “Хөдөө аж ахуйн бирж дээрээ өгч болдоггүй хэрэг үү” гэвэл мэдэх хүн ч байсангүй. Үнэндээ ч хөгжүүлээд арав гаруй жил болоход ХААБ маань ноос, ноолуураас хэтрээгүй хэвээрээ үлдсэн байх юм. Үүсгэн байгуулсан нам нь солигдсон гээд энэ ажлын эрчийг сааруулсан гэвэл итгэхгүй. Гагцхүү ач холбогдлыг нь илүү ойлгож, төр засгаас анхаарал тавих шаардлага байна.

Махны тухайд, биржийн үүргийг чейнжүүд гүйцэтгэж байгаа ч ашгийн төлөө хэт улайрсан, дүрэмгүй, хувь хүний харилцаанд тулгуурласан шинжтэй. 

Бирж бол төр. Малчид ченжтэй бус, төртэйгөө наймаа хийхийг хүсэж байна. Тиймээс УИХ, Засгийн газар энэ асуудалд анхаарал хандуулж, ХААБ-ийн “Бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, зах зээлд оролцогчдын тоог нэмэгдүүлэх, ложистгийн төвийг бий болгох, зах зээлийн дэд бүтцийг сайжруулах, зах зээлийн хөрвөх чадварыг дээшлүүлэх” эрхэм зорилгыг биелүүлэх шаардлага байна. Аймгийн төв болгонд хөргөгчтэй агуулахууд барьж, малчдыг сургалтад хамруулж биржийн арилжааны учир утгыг ойлгуулаад өгчихвөл болохгүй юмгүй. Мах экспортлох зөвшөөрөлтэй компаниудад нийлүүлэх махыг хамгийн бага зардлаар хамгийн өндөр ашиг олох зорилготой ченж биш, төрийн бодлого хэрэгжүүлж буй биржээр дамжуулж бэлтгэж өгье. Хотод борлуулах нөөц бүрдүүлэхдээ биржээр дамжуулъя, ингэхдээ малчдаа жаахан бодоё оо л гэж байгаа хэрэг.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна