Чингэлтэй дүүрэг Япон Улсын карбон кредитийн зах зээлд нүүрстөрөгчийн (CO2) кредит арилжаалах чиглэлээр “Unilead” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Төслийг Монгол Улсын Боловсролын яам бодлогын түвшинд дэмжиж, Японы талаас “Unilead” компани хөрөнгө оруулалт болон төслийн хэрэгжилтийг хариуцан ажиллана.

Хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжид Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургуульд сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлж, сургуулийн барилгын дээвэрт нарны цахилгаан үүсгүүр суурилуулах юм. Тухайн сургууль нарны сэргээгдэх эрчим хүч ашигласнаар уламжлалт эх үүсвэрээс авах цахилгааны хэрэглээ буурч, цаашлаад нүүрстөрөгчийн ялгаруулалт багасна. Улмаар нарны эрчим хүч ашигласнаар буурсан нүүрстөрөгчийн ялгарлыг Монгол, Япон улсын JCM (Joint Crediting Mechanism буюу Хамтарсан кредитжүүлэх механизм)-ын дагуу тооцож, баталгаажуулна. Ингэснээр нүүрстөрөгчийн бууралтаас бий болсон карбон кредитийг Японы хувийн хэвшлийн компаниудад арилжаалж, төслөөс нэмэлт орлого бий болгох боломжтой.
149 дүгээр сургуульд хэрэгжүүлэх энэхүү төсөл жишиг загвар болж амжилттай хэрэгжсэнээр ойролцоогоор 100–150 ерөнхий боловсролын сургуульд нарны эрчим хүчний систем суурилуулах боломж бүрдэнэ.
Энэ нь зөвхөн нарны цахилгаан үүсгүүр суурилуулах төсөл бус, цаашдын эрчим хүчний тогтвортой байдлыг хангах, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, карбон кредитийн арилжаанд оролцох замаар байгаль орчны болон эдийн засгийн үр өгөөжийг хослуулсан жишиг загвар болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна