Засгийн газар төсвийн тодотгол хийж, цалин тэтгэвэр нэмэх шийдвэр гаргалаа. Ингэхдээ төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэх, өндөр тэтгэвэртэй хэсгийнхнийг бага, багыг ахиу нэмнэ гэх мэтээр, бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийг зорьсон нь харагдаж байна.
Инфляцийн хамгийн том хохирогч бага орлоготой өрхүүд байдаг тул улс иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх арга хэрэглэж байгааг буруутгах аргагүй. Гэхдээ харамсалтай нь, ингэлээ гээд иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэхгүй. Цалин хөлсний өсөлт нь зүй ёсных биш, инфляцыг хөөж гүйцэх зорилготой тул худалдан авах чадвар өсөхгүй бөгөөд инфляцийн өсөлт, орлогын өсөлт, ажлын байрны хомсдол нь бие, биетэйгээ хөөцөлдсөн, нэг, нэгнээ тэтгэсэн гинжин хэлхээ болж хувирна.
Учир нь, цалин тэтгэвэр нэмнэ гэдэг зах зээл рүү их хэмжээний бэлэн мөнгө нийлүүлнэ гэсэн үг. Энэ нь инфляцийг өдөөх тул Монголбанк чиг үүргээрээ бодлогын хүүгээ нэмэгдүүлж, зах зээлээс бэлэн мөнгийг эргүүлэн татаж эхэлдэг. Тодруулбал, зээл хумигдах бөгөөд зөвхөн төрийн байгууллагын ажилчид, тэтгэврийнхэн рүү очсон мөнгийг зээл хумих замаар хувийн хэвшлээс татаж авдаг.
Энэ нь ААН-үүдийг хүнд байдалд оруулж, “хаалгаа барих”-ад хүргэнэ. ААН дампуурахад ажлын байр үгүй болно. Харамсалтай нь, ийм харилцан хамаарлыг нэг эхлүүлчихвэл хэдэн жил зогсолтгүй эргэдэг бичигдээгүй хуультай.
Энэ “Чөтгөрийн тойрог”, гинжин хэлхээ ганц Монголд ч байгаа юм биш, цар тахлын үед, Засгийн газрууд иргэд рүү их хэмжээний бэлэн мөнгө гаргасан үеэс улс орнуудад ажиглагдаж эхэлсэн юм. Стагфляци гэх нэр томъёо ч тэр үеэс чанга сонсогдож эхэлсэн.
Стагфляци гэдэг нь эдийн засгийн зогсонги байдал, өндөр инфляци давхцах үзэгдлийг хэлдэг.
Тогтсон ойлголтоор бол эдийн засаг идэвхтэй буюу эрэлт ихсэх үед инфляци өсдөг. Эдийн засгийн идэвхжил сул үед эрэлт багасч, инфляци буурдаг. Энэ хоёр тохиолдолд мөнгөний бодлгыг чангаруулж инфляцийг бууруулах, эдийн засгийг тэлэх аргаар идэвхжүүлэх замаар зохицуулалт хийж болдог.
Харин стагфляци бол эдийн засгийн идэвхжил сул үед инфляц үүсэх онцгой үзэгдэл, үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээнүүд /манайд бол ганц чаддаг нь бодлогын хүү өсгөх/ ажилгүйдлийг нэмэгдүүлж, өөрөөр хэлбэл ААН-үүдийг дампууруулж, эсрэгээрээ эдийн засгийг дэмжих алхам нь инфляцыг улам өсгөх тул төвөгтэй байдал үүсдэг байна.
АНУ-ын Холбооны нөөцийн сан 1960-аад онд инфляц, хөдөлмөрийн зах зээл, орлогын уялдаа холбоог дутуу үнэлснээс эдийн засагтаа маш том уршиг тарьсан бэлэн жишээ бий. Тэр үед инфляцын хүлээлт үүсэж, цалинг байнга өсгөх жишиг бий болж, 10 гаруй жил үргэлжилсэн байдаг.
Гэхдээ мэдээж, энэ байдлаас гарах арга зам бий. 2010-аад онд, Б.Обамагийн үед АНУ-д мөн ийм нөхцөл байдал үүссэн ч зам гүүр гэх мэт дэд бүтцийн төслүүдийг далайцтайгаар хэрэгжүүлснээр харьцангуй хохирол багатай давсан байдаг.
Манай Монголын хувьд уг нь ийм боломж байсан, замаа сонгоод алхаж ч байв. Гэвч одоо “Байсан” гэж бичих болж. Том төслүүд ихэнх нь зогсож, төр хувийн хэвшлийн түншлэлээр орж ирэх ААН байх болов уу гэж горьдсон байдалтай байгаа.
Мега төслүүдийн өртөг өсдөг, хугацаа сунадаг ч ажлын байрыг тогтвортой хадгалж, инфляцийг хөөрөгддөггүй сайн талтай. Ийм үед төр ажлын байрыг аль болох ихээр нэмэгдүүлэх, экспортоо өсгөх бодлого барих ёстой.
Гэтэл манайх том төслүүдээ буюу ажлын байр нэмэгдүүлэх боломжоо зогсоож байгаад цалин тэтгэвэр нэмсэн. Зах зээл дээрх бараа, үйлчилгээний хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авалгүйгээр их хэмжээний мөнгө нийлүүлэх нь инфляцийг хөөрөгддөг. Өнгөрсөн нэг жилд яг л тийм зүйл боллоо.
Хэдэн жил ган, зуд болж, малчид малаа зарах гэхээсээ өсгөе гэж байсан үед цалин тэтгэвэр нэмэгдэж таарсан. Зах зээл дээрх мах нэмэгдээгүй тул бэлэн мөнгөндөө таарч, үнэ өссөн.
Уншигчид анзаарсан бол Засгийн газар төсөв тодотгохын өмнө Монголбанк бодлогын хүүг 0.5 хувиар өсгөж 12.5 хувь болгосон. Үүнийг шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй инфляцийг угтсан арга хэмжээ гэж тааж байсан бол одоо бодох нь төсвийн тодотголтой тодорхой хэмжээгээр холбоотой байж.
Өөрөөр хэлбэл, Монголбанк бодлогын хүүгээ дахин өсгөх магадлал маш өндөр. Ингээд ААН-үүд үүдээ бариад ирэхийн цагт иргэдэд ажил байхгүй, төрд татвар төлөгч байхгүй болно.
Засгийн газар ийм юм болохыг маш сайн мэдэж байгаа. Уг нь Н.Учралын Засгийн газарт төсвөө зад танаад, хөрөнгө оруулалтын тухай дархлаа сайтай /босго өндөр, ойрын 20 жилдээ өөрчлөгдөхөөргүй/ хууль баталж, гадаад зээлийн ашиглалтаа тултал нэмэгдүүлээд, гадаад зээлийн ашиглалтаа өсгөөд /Б.Жавхлан сайдын үед Оюутолгой гэх мэт өндөр дүнтэй, өөрөө өртгөө нөхөх том төслүүдийг зээлд тооцож ирээдүйгээ боомилохоо болих асуудал яригдаж байсан. Энэ ажлыг хийчихвэл маш том боломж гарч ирнэ/ явах боломж байгаа.
Дээр нь экспортоо нэмэгдүүлэх чиглэлээр илүү хичээх ч боломж байна. Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболт ирэх хавар ашиглалтад орно, гэрээндээ энэ замыг дууссаны дараа биш, гэрээ эцэслэж, ажил эхэлсэн бол дараагийн хил холболтоо ярьж, ажлыг нь эхлүүлэх боломжтой гэж заасан.
Ноднин тавдугаар сард, Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт эхлэх ёслолын үеэр АҮЭБ-ийн сайд Ц.Туваанаас энэ талаар тусгайлан асуухад “Энэ ажил эхэлснээр дараагийн хил холболтыг ярих боломжтой. Бид маргаашнаас Шивээхүрэн-Сэхээг төмөр замаар холбох асуудлыг ярина” гэж дэврүүнээр хариулж байлаа. Б.Дэлгэрсайхан сайд ч Шивээхүрэн-Сэхээг нээх, эхлүүлчихвэл хоёрхон сарын дотор ашиглалтад орно, төмөр замууд нь хоёр талаасаа бараг тулчихсан юм. Зөрөө байхгүй, төвөгшилгүй. Гашуунсухайт-Ганцмодноос түрүүлж ашиглалтад орно” гэж ярьж байлаа. Зөвхөн энэ зам нэмэлтээр 20 сая тоннын экспортыг бий болгож чадах байсан. Гэтэл Г.Занданшатар ч, Н.Учрал ч энэ асуудлыг сөхсөнгүй.
Харин ч зөвхөн цалин нэмэх буюу байгаа хэдийгээ тарааж /байхгүй мөнгийг ч тараах буюу мөнгө хэвлэх нь гэсэн яриа ч байна/ өгөх буюу эцэстээ иргэдээ туйлдуулах замыг сонгож, хажуугаар нь “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт”-ийн 49 хувийг биржээр арилжаалах боломжийг нээнэ гэх мэт үгсийг унагаж байгаа нь хуульчлагдсан дээрэм хийх гээд байна уу гэж хардахад хүргэж байна. Үр хүүхэддээ өвлүүлж үлдээх 1072 хувьцааг 20 кг үхрийн махаар сольж авах санаархал эрэмбэ алдан орж ирэх асуудлыг бид дараа тусад нь хөндөх болно.
Ямартай ч төсвийн тодотгол нүдээ олсонгүй, Намрын чуулганаар дээр дурдсан зөв чиглэлд олигтой алхаж чадахгүй бол ирэх өвөл ард түмний амьдрал сайжрахгүй, харин ч муудна гэдэгт мөрий тавьсан ч алдахааргүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.119.165
олон юм хуцалгүи тэтгэвэр нэм чинии ярьсанаар хэдэн хөгшид турж үхэх юмуу хаашаа юм новш чинь
Хариулах