Огцрохоос болгоомжилсондоо ард түмнийг "аргалж", сөрөг хүчнийг аргадаж мэдэх төсөв түүхий юу, “болсон” уу​

Х.Батсайхан
1 цаг 43 минутын өмнө

-Төгрөг цаас болохгүй гэсэн баталгаа байна уу-

Ерөнхий сайд Н.Учрал хэдхэн хоногийн өмнө 2026 оны төсвийн тодотголыг өргөн барихдаа 1.4 их наяд төгрөгөөр танаж байгаагаа онцолсон билээ. Эндээс төр ер нь хэмнэлтийн горимоо хэрэгжүүлж эхлэх юм байна гээсэн баримжааг олон нийт авсан.

Гэтэл өнгөрсөн даваа гарагт 2027 оны төсвийг өргөн барихдаа өмнөх жилийнхээс даруй 9.6 их наяд төгрөгөөр өсгөж, өмнө тогтсон төсөөллийг 180 хэм эргүүлж орхилоо.

Засгийн газрын барьсан гэнэтийн бэлэг

Төсвийн тодотгол өргөн барих үед л сөрөг хүин 1.4 их наядын таналтыг чамлаж, ямар ч алдагдалгүй төсөв өргөн барих боломж байгаа гэж мэдэгдэхийн хамт бүлгийн 41 гишүүн нь Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гэж мэдэгдихээд байсан шүү дээ.

Ингэснээр намуудын улстөржилт, хэрүүлийн золиос нь төсөв болдог жишээ энэ жил давтагдах нь тодорхой болж байх шиг байна.

Ерөнхий сайдыг огцруулах асуудал хэлэлцсээр хугацааг нь тулгаж, улмаар сөрөг хүчиндээ “Авлигажсан төсөв” буюу тодорхой төслүүдийг “бэлэглэсэн” өнгөрсөн жилүүдийн жишиг энэ жил давтагдах вий гэсэн болгоомжлол өөрийн эрхгүй төрж байна.  

Ардчилсан нам ч, Ардын нам ч төсөв дээр бойкот хийдэг нь гэм биш зан. Гэсэн ч ямар нэгэн байдлаар тохиролцоод хугацаанд нь 90-ээс дээш хувийн саналаар баталж орхидог.

Заримдаа  “Төсөвт суулгасан үр ашигүй зардлаа хэвээр үлдээхийн тулд албаар улстөрждөг юм уу” гэж хардмаар.

Ирэх оны төсвийн тухайд, иргэни нийгэм, сөрөг хүчний зарим субъектүүдийн хэлсэн үгнээс харахад л тийм сайн болоогүй гэдэг нь харагдана. Эндээс “Хэмнэлтийн”, “Ард түмэндээ зкарцуулна”, “Ард түмнээрээ шийдүүлнэ” гэсэн нэрний цаана асар том бульхайг нуусан төсөв байж мэднэ гэсэн хардлага шууд төрж байна.

Сөрөг хүчний үүргийг үзэх цаг

Агуулга, хэлбэр гэж ойлголт бий. Хэлбэр ямар ч байж болно, агуулга чухал. Тэгвэл 2026, 2027 оны төсөв хэлбэрийн хувьд ч, агуулгын хувьд ч огт эсрэг тэсрэг байна.

2026 оны оны төсвийг эрх баригчид “3 гаруй их наяд төгрөг танаж, хэдэн зуун даргын орон тоо цомхотгосон” хэмээн хэлбэрийг нь хэтэрхий өргөн сурталчилсан. Тодотгохдоо ч 1.4 их наяд төгрөг танасан л гэж байна. Төсөв хэлэлцэж эхлэхэд сөрөг хүчин нь хүн шиг байр суурь илэрхийлдэг, явцдаа төсвийн үзүүлэлт олигтой дээрдээгүй байхад санал нийлээд 90-ээс дээш хувиар санал нийлж баталдаг, тэгээд хэлбэрээ сурталчилаад дуусдаг байдал олон жил үргэлжиллээ.  

Манай хойд хөрш ОХУ гэхэд нэгдсэн төсвөө 60-70 хувийн саналаар л баталдаг. Улс төрийн намууд нь байр сууриндаа үлдэж чаддаг гэсэн үг.

2015 онд байх, ОХУ-ын Парламентын Доод буюу хяналтын танхим төсвийн төслийг хэлэлцээд 10069 хуудас байсныг 6123 болгон бууруулсан. Гэсэн ч “Хуудасны тоог маш ихээр багасгалаа” гэж сурталчилаагүй юм даг. Харин ч шудргаар, Төсөв, татварын байнгын хорооны дарга А.Макаров нь “Хуудасны тоо буурсан нь төсөв “турсан” хэрэг биш, харин тайлбар, үндэслэлүүдийг нь хассан л хэрэг” хэмээн мэдэгдсэн. 

Өөрөөр хэлбэл, төсвийг сөрөг хүчний намуудын шаардсанаар өөрчлөөгүй. Тийм ч учраас эрх баригч “Нэгдмэл орос”, Либерал ардчилсан нам дэмжиж, Коммунист нам болон “Шударга орос” намууд татгалзсанаар 67 хувийн саналаар батлагдсан байдаг.

Юу хэлэх гээд байна вэ гэхээр, “Ардчилал хөгжиж байгаа ямар ч оронд улстөр, эдийн засгийн аливаа шийдэл 100 хувийн дэмжлэгээр батлагддаггүй”. “Нэг хүний ноёрхол, дарангуйлалтай” гэж барууныхан нотлохыг хичээдэг, манайхны зарим улстөрч ч тэгж ярьж нэр хүндээ өсгөхийг оролддог хойд хөршид төсөв нь 67 хувийн дэмжлэгээр батлагдаж байна шүү дээ.

Гэтэл ардчиллын үлгэр жишээ улс гэж цээжээ дэлддэг Монголд Парламентад суудалтай намууд нь нийлж мэдэгдэл хийгээд 90, 100 хувийн саналаар баталдаг. Тэгээд хэлбэрдэж эхлэх жишээтэй. Энэ жил тийм зүйл битгий болоосой. 

Оюутолгойн ногдол ашгийг ч олон жил сунжирдаг, сунжирсан ч "ОХУ-ын үл үзэгдэгч гар зогсоолоо, саатууллаа" гэх мэтээр таамаг уралдуулж, хэн ч хариуцлага хүлээдэггүй Цахилгаан станц гэх мэтэд оруулж үрэн таран болгомооргүй байна. тавдугаар станц төсвийн мөнгөөр тав, зургаа нүүсэн жишээ бий шүү дээ.   

Энэ жилийн төсвийн орлогыг 41.3 их наяд төгрөг, төсвийн зарлагыг 43.6 их наяд төгрөгөөр тооцож, 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тусгасан байна.

Орлого 9.6 их наядаар өсчихөөд байхад, бүр байлаа гэхэд өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахдаа “Ер нь цаашдаа төсвөө алдгдалгүй батлах бодлого рүү орж байна” гэж уянгалж байснаа бодоод ядаж алдагдалгүй баталж болмоор. Одоо энэ асуудалд Ардчилсан намын дуу хоолой чухал боллоо. Хэлэлцэж эхлэхэд сүртэй, сүртэй юм ярьчихаад хусамаа авсан хүүхэд шиг ярайтал гар өргөж 100 хувийн саналаар батлав гэж зориуд сануулъя. Ерөнхий сайдын онцлоод байгаа есөн онцлогт хуурч мэхэлсэн буюу залилангийн шинжтэй, цаашид эдийн засагт хор болж мэдэх буруу шийдлүүд байгааг эрхбиш анзаарсан гэж найдаж байна.    

Төсөв алдагдалтай батлах нь муу биш, улсын төсөв тэлэх нь ч буруу биш. Гагцхүү нэмэгдсэн цалингаар авдаг юм нь нэмэгдсэн үү гэдэг чухал. Төсвийн тэлэлтийн багагүй хэсэг нь цалин, тэтгэвэрт зориулагддаг, гэтэл энэ бол ихэнх нь хүнсэнд зарцуулагддаг мөнгө. Дотоодын үйлдвэрлэл, хангамжаа нэмэгдүүлээгүй тохиолдолд энэ мөнгө инфляцийг хөөрөгдөнө, гаднын улсыг дэмждэг. 

Басхүү нэгэнтээ тэлсэн төсөв буцаж агшдаггүй гэдгийг бодолцож, цаашид өсөлтиг хангах төслүүдэд хөрөнгө хуваарилах нь чухал гэдгийг л хэлж байна.

Одоохондоо төсөв дөнгөж өргөн баригдсан, Намрын чуулган эхлэхээр гол хэлэлцүүлэг өрнөнө. Жинхэнэ “хэмнэлтийн, өсөлтийг хангасан төсөв” болгоод оруулаад ирэх хугацаа, боломж аль, аль нь байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна