Ө.Шижир: Зардлыг бууруулж, хэмнэлт хийхийг шаардаж байна

Х.Есү
1 цаг 6 минутын өмнө

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ө.Шижир дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр, "Хүрээний бузрыг ухвал далай гэдэг шиг сүүлийн 10 жил Монгол оронд мөнгөгүй биш, мөнгөтэй зовлон эдэлж байна. Засгийн газар төслийнхөө эрэмбэ дарааллыг бүгдийг нь буруу өрж, тооцооллоо буруу хийсэн. 

2024 онд Засгийн газар 14 мега төсөл, нийслэл 24 мега төсөл ярьсан. 2020 оны сонгуулиар МАН 21 аймагт 100 үйлдвэр барина гэж амласан ч биелсэн зүйл байхгүй. Засгийн газар ажлаа дандаа Пи Араар хийж, тооцооллоо буруу хийдэг болсны үр дүнд иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт муудаж байна.

2020 оноос хойш өнөөдрийг хүртэлх төсвийг үзвэл 208 их наяд 839 тэрбум төгрөг байна. Өнөөдөр Засгийн газрынхан сая, тэрбумаар биш дандаа их наядаар ярьдаг болсон. Үүнийг дагаад хулгай нь ч их наядаар хэмжигдэж байна. 2015 оноос хойш 12 жилийн хугацаанд улсын төсвийн зарлага 10 дахин өсөж данхайсан боловч иргэдийн амьдралын чанар 10 дахин сайжраагүй.

 Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой”  компаниас сүүлийн 3 жилд 208 тэрбум төгрөгийг менежментийн төлбөр нэрээр авсан байна. 2025 оны аудитын тайлангаар тус компанийн ерөнхий удирдлагын зардал нь 500 тэрбум төгрөг байна. ЭТТ өнөөдөр 8.5 их наяд төгрөгөөр төслүүдийг санхүүжүүлсэн байна.

Хэрэв төрийн өмчит компаниудын ашгийг татаж орлогоо 10 их наядаар тэлж байгаа бол зардлаа хэмнэж, алдагдалгүй төсөв батлах ёстой. Одоо оруулж ирж буй төсвийн 70 хувь нь урсгал зардал байна. Зэсийн үнэ унавал ирээдүйд яах вэ? Тиймээс зардлыг бууруулж, хэмнэлт хийхийг шаардаж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна