"Гацуурт"-ын Л.Чинбат таван адуу мөргөж, өөрөө гэмтжээ

Zuv.mn
1 цаг 51 минутын өмнө

Хоёр ч иргэнийг санаатайгаар "дайрч" байсан "Гацуурт"-ын Л.Чинбат олон тооны адуу дайрсан хэргээр шалгаж эхэлжээ.

Тодруулбал, энэ сарын 1-нд буюу даваа гаригийн 20.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт, таван адуу дайрсан хэрэг гарсан байна.     

Цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүн тус оройн 23:00 цагийн орчимд ирж, хэргийг шалгахад Л.Чинбат "Toyota Land-300" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад таван тооны адуу мөргөсөн байдалтай байжээ. 

"Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат машинаар хүн, мал хөөсөн, осолдсон тохиолдол анхных биш бөгөөд 2023 онд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутагт  иргэн Б, М нарыг Тоёота Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн хэрэг гарч байсан юм.     

Түүнийг  "Хүнийг алахыг завдсан" гэх хэрэгт буруутгагдан цагдаагийн байгууллагаас шалгаж байсан ч хуулийн хариуцлага хүлээлгүй мултарч байв. Л.Чинбатын удаа дараагийн балмад үйлдэлд монголын хууль хэрхэн үйлчлэхийг Сэлэнгэчүүд төдийгүй олон нийт анхааралтай ажиглаж байна.

Энэ талаар орон нутгийн фэйсбүүк группт иргэн Б.Ганзориг “Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумд цагаачилж ирсэн тариаланч таван адуу дайраад алчихдаг амар юм болох нь ээ. Одоо зам тээврийн осол болох уу” хэмээн бичсэн байв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна