З.Мэндсайхан: Ахмад настнуудын тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарсан

Х.Есү
1 цаг 17 минутын өмнө

Сангийн сайд З.Мэндсайхан ахмадын тэтгэврийн талаар мэдэээлэл хийлээ. 

Тэрбээр, "Ахмад настнуудын тэтгэврийг 100,000-300,000 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Энэхүү шийдвэр нь инфляцын өсөлт, амьжиргааны өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор ахмадуудын орлогыг хамгаалах яаралтай арга хэмжээ болж байна. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа бөгөөд тэтгэврийн нэмэгдлийг ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгохоор хугацааг нь наашлуулсан.

Анхны төлөвлөгөөгөөр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаатай уялдуулан суурь тэтгэврийг нэмэгдүүлэх шинэчлэлийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр хуульчилсан байсан юм. Гэвч эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, үнийн өсөлтөөс шалтгаалан Засгийн газар уг хугацааг урагшлуулахаар шийдвэрлэсэн. Төсвийн тодотголын төслийг баталснаар ахмадууд хуулийн хэрэгжилтийг хүлээлгүйгээр энэ оны арваннэгдүгээр сараас эхлэн нэмэгдүүлсэн тэтгэврээ авах боломж бүрдэж байна.

Тэтгэврийн нэмэгдлийг хугацаанаас нь өмнө санхүүжүүлэхийн тулд төрийн байгууллагуудын урсгал зардлыг танах алхам хийсэн. Сангийн сайдын мэдээлснээр, улсын төсвийн урсгал зардлаас 1.4 их наяд төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Үүнээс ойролцоогоор 1.2 их наяд төгрөгийг ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэхэд зориулан хуваарилахаар төлөвлөжээ. Энэхүү зохицуулалт нь иргэдийн бодит орлогыг хамгаалахад чиглэсэн төсвийн гол өөрчлөлт болж байна.

Уг шийдвэрийн үр дүнд 450 мянган ахмад настан хамрагдах тооцоо гарсан. Тэтгэврийн нэмэгдлийн хэмжээг иргэн бүрийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилээс хамааруулан 100,000-аас 300,000 төгрөгийн хооронд ялгавартай тогтоох юм. Төсвийн тодотгол бүрэн хэрэгжиж эхэлснээр өмнө нь дунджаар 955,000 төгрөг байсан ахмадуудын тэтгэвэр 1.1 сая төгрөгт хүрч өсөх ач холбогдолтой.

Одоогийн байдлаар хууль тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хурал ээлжит бус чуулганаараа төсвийн тодотголыг эцэслэн батлахаар ажиллаж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна