УИХ-ын гишүүн Х.Болормаа СБД-ийн Спорт цогцолборын бүтээн байгуулалт бүрэн дуусаж, Улсын комисс хүлээн авсан талаар өөрийн сошиал хуудаснаа хуваалцжээ.
Тэрбээр, "Миний бие Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа санаачлан, 2024 оны 5 дугаар сард шавыг нь тавьж байсан Спорт цогцолборын бүтээн байгуулалт бүрэн дуусаж, Улсын комисс хүлээн авсанд баяртай байна.
Тухайн үед Сүхбаатар дүүрэг өөрийн гэсэн спорт цогцолборгүй байсан учраас хүүхэд, залуус спортоор хичээллэх, иргэд гэр бүлээрээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бий болгох зорилгоор энэ ажлыг эхлүүлж байлаа.

Өнөөдөр нийт 29,920 ам метр талбайг хамарсан, спорт болон амралт, чөлөөт цагийн иж бүрэн орчин бүхий цогцолбор ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болж байна.
Тус спорт цогцолборт:
-Сагсан бөмбөг
-Волейбол
-Заалны болон гадна хөлбөмбөг
-Газрын болон ширээний теннис
-Бокс
-Фитнес, дасгал хөдөлгөөн
-Хананд авиралт
-Гүйлтийн зам
-Гадна дасгал, биеийн тамирын талбай
зэрэг олон төрлийн спортоор хичээллэх боломж бүрдэж байгаа юм.

Мөн 3 давхар спортын барилгад үндсэн болон бэлтгэлийн заал, хувцас солих өрөө, үзэгчдийн суудал, шүүгч болон камерын өрөө, хурлын болон бусад үйлчилгээний өрөө тасалгааг иж бүрнээр шийдсэн.
Харин гадна орчинд нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, гэр бүлээрээ амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх бүс, дугуйн зам, автомашины зогсоол, гэрэлтүүлэг зэрэг тохижилтыг цогцоор нь хийсэн нь энэ бүтээн байгуулалтын бас нэг онцлог юм.
Ингэснээр Сүхбаатар дүүргийн 140 гаруй мянган иргэн, ялангуяа хүүхэд, залуус спортоор хичээллэх, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх шинэ орчинтой болж байна.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн энэхүү томоохон төслийг амжилттай гүйцэтгэн, ашиглалтад оруулж буй Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд, Тамгын газрын хамт олон, гүйцэтгэгч компанийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэлээ.



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна