МАН-тай нэгдэх Номтын төлөвлөгөө

Zuv.mn
3 цаг 45 минутын өмнө

УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр МАН-д эргэн нэгдэх сонирхлоо дахин илэрхийлэв. Өмнө нь түүнийг болон эвсэл доторх гишүүдийг тус тусад нь "МАН-даа орохоор гүйж байгаа гэнэ" гэж мэдээлж байсан бол энэ удаад тэрбээр "Ганцаараа шийдэх асуудал биш", сонгогчдын итгэл зэрэг асуудлыг хөндлөө. 

Энэ нь Үндэсний эвсэл, эвслийг төлөөлж Парламентад сонгогдсон гурван гишүүн нь Н.Номтыг тавьж явуулах эсэх асуудлыг шийдэх биш, харин тэд буюу Үндэсний эвсэл Н.Номтойбаяраа дагаад МАН-д орох асуудал ч байж болох юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлж байна.  

Тэрбээр "МАН-д орох яриа бодитой байгаа, гэхдээ МАН-аас гурван удаа хөөгдсөн учраас түрүүлж хадаг тавихгүй" гэснээс үзэхэд улс төрийн тохиролцоо, хэлэлцээ хэдийнэ ил мэдээлэгдэх түвшинд хүрсэн хэмээн таамаглаж болохоор... 

2024 оны сонгуулиас хойш яригдаж буй тус хэлэлцээрийг ганцаар бус, журмын нөхдийн хамт шийдвэрлэх гэнэ. Өөрөөр хэлбэл МАХН-ын кэйсийг давтаж, эвслээрээ нэгдэх хүсэлтэй байгаагаа тодорхой хэлчихлээ.

Гэхдээ Номт МАН-д зүгээр нэг ирэхгүй. Улс төрд өөрийн гэсэн нөөцтэй, олон нийтийн тодорхой дэмжлэгтэй, парламентад суудалтай улстөрийн хүчнийг тэргүүлж байгаа хүнд Н.Энхбаярын хэмжээний амбиц байгаа.

Өөртэй нь холбоотой Эрүүгийн хэрэг, УИХ-ын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хурцдаж, "Намын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн" гэгдэн МАН-аас хөөгдсөн Номт 2024 оны сонгуулийн өмнө улс төрд эргэн ирсэн. Ирэхдээ Монголын Ногоон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам болон дараа нь Монголын Либерал Ардчилсан Намтай хамтарсан “Үндэсний эвсэл”-ийг байгуулсан нь улс төрийн карьерынх нь хамгийн том эргэлтийн цэг болж чадсан юм.

Одоо тэр өнгөрсөнд бүтээсэн улс төрийн сүлжээ, сонгогчдын дэмжлэг, улс төрийн капитал зэргээ МАН-д хэрхэн үнэлэхээ тэр мэднэ.

МАН ч ганц Номтыг бус парламентанд суудалтай улс төрийн хүчнийг системдээ нэгтгэнэ л гэсэн үг. Хөөж явуулсан шазруун гишүүнээ эргэн урихдаа ямар үнэ төлөхийг цаг хугацаа харуулах нь ээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна