Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллахдаа монгол үндэснийхээ хувцсыг иж бүрнээр өмсөж, амаараа хэлсэн сануулга, үүрэг нь гадаад төрхтэйгөө үнэхээр төгс хослол байв. Биеийн хэлэмжтэй ярих зүйл алга байлаа.
Улсын дотор улс байгууллаа гэх яриа, шүүмжлэл, талцал маргаан сүүлийн өдрүүдэд сошиалаар явлаа. Баян-Өлгий аймагт дунд сургуульд нэгдүгээр ангиас монгол хэл үздэггүй, дуртай газраа хөшөө дурсгал, бунхан байгуулдаг, нутаг усны нэр өөрчилдөг, тува, монгол иргэдийг илт дээрэлхдэг гээд үй түмэн асуудал тус аймагт байгааг иргэд хэлж, бичиж байсан. Энэ асуудлуудад Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх цэг хатгалаа.
Тэрбээр Баян-Өлгий аймагт ажиллах үеэр аймгийн удирдлагууд болон шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагын дарга нартай уулзаж зангарагтай, тулхтай, тодорхой байр суурь илэрхийлсэн нь үнэхээр “күүл” байлаа. Тусгаар улс байна даа.
Тэрбээр,
-Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг, үйлдлийг энэ цаг мөчөөс эхлээд таслан зогсоох ёстой.
-Эх хэлээ мэддэг байх нь эх орондоо эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, эх орныхоо иргэн байхын баталгаа мөн. Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй. Монгол хэлээ хүүхэд бүрд багаас нь зааж сургахад төр засаг, аймаг орон нутаг, боловсролын салбар онцгой анхаарч ажиллах ёстой.
-Монгол Улсын газар нутаг бол хэн дуртай нь дураараа эзэмшиж, хүссэн газраа хөшөө дурсгал, бунхан бий болгодог газар биш. Мэдээж өвөг дээдсийнхээ зан үйлийг хүндэлж, өтгөс буурлынхаа хойчийг хүндэтгэн үдэх нь хүний ёс. Гэхдээ өвөлжөө, хаваржаа, бэлчээр, түүх, соёлын дурсгалт газар, байгаль орчны онцгой бүсэд оршуулгын зан үйл хийх нь хуулиар хориотой. Энэ хууль эрх зүйн орчныг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтад оруулж, ард иргэдэд ойлгомжтой, тодорхой болгох ёстой. Үүнд төрийн тэргүүн онцгой анхаарах болно.
-Уул ус, газар нутаг, засаг захиргааны нэр бол хэн нэгний дур зоргоор өөрчилдөг зүйл биш. Энэ бол өвөг дээдсээс уламжлагдан ирсэн түүх, соёл, газар нутгийн дархлаа юм. Тиймээс төрийн хууль тогтоомжийг ягштал биелүүлж, иргэдэд сурталчлан таниулж, аливаа хууль зөрчсөн үйлдлээс ард иргэдээ хамгаалж ажиллахыг үүрэг болгож байна.
Төрийн албанд хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах ёстой. Түүнээс биш нутаг ус, гарал үүсэл, танил талаараа төрийн албыг хашиж, намын харьяаллаар гадуурхаж болохгүй. Тиймээс төрийн албанд ажиллах хүсэл сонирхолтой иргэдэд хуулийн хүрээнд ажиллах нөхцөлийг бүрдүүлж төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ёстой.
Эцэст нь хэлэхэд үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг үйлдлийг энэ цаг мөчөөс эхлээд таслан зогсоох ёстой. Үүнийг төрийн тэргүүн хатуу анхааруулж байна. Эс тэгвээс төрийн хууль таныг дуудах болно” гэлээ.

Улс дотор улс байгуулж болохгүйг бүх ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг Төрийн Тэргүүн хатуу байр суурь илэрхийлж, чанга дуугарсан нь нэгдмэл улс болохыг, эзэнтэй шүү гэдгийг сануулсан сануулга болов. Хуулийн дор амьдарч буй хэн ч дураар авирлаж болохгүйг ч анхааруулж, "цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө" байхыг сануулсан Ерөнхийлөгчид алга ташъя.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна