Б.Мөнхбат: Авто машин ачилтыг бүрэн зогсоох биш зохицуулалт хийнэ

Х.Есү
1 цаг 19 минутын өмнө

Хотын даргын орлогч Б.Мөнхбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, "НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн төлөвлөгөөгөө батлуулах асуудлыг хэлэлцэж байна. 2027 онд 8 бүлэг 538 зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа төлөвлөсөн байгаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санал гарч зарим нэг зүйл заалтууд өөрчлөгдөж батлагдах байх гэж тооцож байна.

Нийслэлийн хөгжлийн төлөвлөгөөгөө авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, иргэн, аж ахуйн нэгжийнхээ орлогыг нэмэгдүүлэх, боловсрол эрүүл мэндийн салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдын сурах боломж бололцоог нь нэмэгдүүлэх гэх мэт чиглэлүүд дээр олон төслийг хэрэгжүүлж байгаа. 

Хөгжлийн төлөвлөгөө батлагдсаны дараа 2027 оныхоо төсвийг өргөн барина. Улсын төсөв батлагдсаны дараа 12 сард НИТХ-ын төсвийг өргөн барина. Өнөөдрийн бид нарын өргөн барьсан төсөв нь 15 их наядын төсөл хэрэгжүүлэхээр өргөн барьсан байгаа. Улаанбаатар хотын автозамын түгжрэл, агаарын бохирдол төвлөрөлөөс үүсэж байгаа. Төвлөрөл нь дэд бүтцээс үүсдэг. Тиймээс бид инженерийн болон нийгмийн дэд бүтцийг хотын зах руу төвлөрүүлэх аналиц хийж "Гэрт ойрхон сургууль", "Хотхоны бага сургууль" зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд эхэлсэн. 

Мөн нийтийн тээврийн төрлүүдийг нэмэгдүүлэх асуудалд онцгой анхаарч байна. Ирэх онд төрлийг нэмэгдүүлж, олон багтаамжтай нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарна.

-Түлшний асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ? Урдаас түлшээ авч байгаа юу? 

-Халаалтын улирал эхэлхээс өмнө 20 мянга гаруй тонн түлшний нөөцтэй байсан. Эхний ээлжинд энэхүү нөөцөө худалдаалж байна. Мидлинг түлэх боломж байгаа. Энэ өвлийн түлшний татан авалтууд хийгдэж 400 гаруй борлуулалтын цэгт худалдаалж байна.

-Өвөл болохоор утааны асуудал гарч ирдэг. Утааг хэрхэн бууруулахаар төлөвлөсөн байгаа вэ? 

-Агаарын бохирдолд голлох нөлөө үзүүлж байгаа халаалтын зуухын тоог бууруулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Улаанбаатар хотод халаалтын зуухтай байгаа сургууль, цэцэрлэг, цэргийн анги, хорих байгууллагуудын 200 гаруй янданг буулгаж, хийд шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ. Агаарын бохирдлын 30 хувь авто машины яндангаас гардаг утаа. Үүнд тогтоосон стандартыг тогтоож, хянаж шалгах ажил үргэлжилж байна. 

-Эмнэлгийн авто зогсоолын төлбөрийн асуудлыг Нийслэл хэрхэн анхаардаг вэ? Хувь хүний данс руу зогсолын төлбөр ордог гэх мэдээлэл бий үүн дээр тайлбар өгөөч. 

-Улаанбаатар хотын авто зогсоолын асуудалд төр оролцохгүйгээр хувь иргэн, ААН-тэй гэрээ байгуулаад ашиглалтыг гэрээлээд явж байгаа. Цаашид тодорхой шаардлага, шаардлагын хүрээнд тендер зарлаж, хэдэн хувийг Улаанбаатар хотод өгч, хэдэн хувийг иргэн, ААН авч зогсоолынхоо менежмент хийхийг тодорхой болгоно. 

Зогсоол болгон маань төлбөрийн хуваарилалт 40/60 гэсэн харьцаатай биш. Зарим зогсоол дээр түүнээс бага хувь авахыг ч үгүйсгэхгүй. Улаанбаатар хот дахь түгжрэлийг бууруулахад хамгийн гол асуудал нь зогсоол. Та бүхэн сошиал дээр явж байсан зургийг харсан байх. Зогсоол руугаа орохгүй гадна талд нь замын бүтэн эгнээг хаагаад зогсчихдог. Тиймээс иргэдийгээ ч мөн адил зогсоолоо зүй зохистой ашиглаасай гэж уриалж байна. Ямар нэгэн байгууллага руу орж үйлчилгээ авч байгаа л бол та зогсоолд нь төлбөрөө төлөөд явах нь зүй ёсны асуудал. 

-Машин ачилтыг болиулах асуудлыг судална гэж байсан шүү дээ. Үүн дээр ямар нэгэн шийдвэр гарсан уу?

-Авто машин ачих асуудлын журмыг цэгцэлж, шийдэл олох зайлшгүй шаардлагатай байна. Хэн ачих юм, ямар хэлбэрээр ачих юм гээд олон асуудал байна. Нэг талдаа ачих шаардлага байна. Нөгөө талдаа хүний эд хөрөнгийг ачихдаа эвдэж хэмхэлж байгаа асуудал байгаа. Тиймээс нэг талд нь шийдэл олъё гэж бодож байна" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.246
    55 минутын өмнө

    Mashun achiltig shuud zogsoo ter torguulia harin undur bolgo tegeed zurchil gargasan turguulia 6 saraas deesh hugastaagaar tuluugui a to mashinig ulsin orolgo bolgodog huulia garga tegeed nasjilt ihtei huraagdsan mashinig shuud zadargaa selbegend ugch ustga ingeel guistee

    Хариулах