Б.Ану-Үжин: Ирэх онд 43 сургууль, 23 цэцэрлэг ашиглалтад оруулна

Х.Есү
1 цаг 4 минутын өмнө

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар нийслэлийн 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байгаатай холбогдуулан төлөөлөгч Б.Ану-Үжингээс тодрууллаа. 

Тэрбээр, "Өнөөдөр НИТХ-аар нийслэлийн 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байна. Энэ төлөвлөгөөнд нийт 104 байгууллагын 538 арга хэмжээг найман бүлэгт хуваан тусгасан. 

Төлөвлөгөөний дийлэнх хувийг дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил эзэлж байгаа бол хамгийн чухал нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн зүгээс нийгмийн хөгжлийг хурдасгах чиглэлд нэлээд анхаарч, төлөвлөгөөнд тусгасан байна. 

Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд ирэх онд нийт 43 сургууль, 23 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөж, шинээр дөрвөн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тусгасан байна. 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн IX хороо, Ногоон нуур орчимд таван га газрыг энэ онд чөлөөлж, ирэх жил ногоон байгууламж бүхий томоохон цэцэрлэгт хүрээлэн барьж тохижуулахаар төлөвлөсөн.

2027 оны хөгжлийн төлөвлөгөө нь хүний хөгжил болон "хүн төвтэй хот" байгуулах бодлогод голлон чиглэсэн. Хүнийг дээдэлсэн, хүндээ ээлтэй хотыг бий болгохын тулд явган хүний зам, дугуйн зам болон цахилгаан автомашин цэнэглэгчийн байршлуудыг нэмэгдүүлэх зэрэг байгаль дэлхийд ээлтэй дэвшилтэт технологиудыг түлхүү нэвтрүүлэхээр 2027 оны төлөвлөгөөнд тусгасан" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна