Хархорин захын гадна худалдаа эрхлэгч “Ганган эмээ”-г онцолж байна.
Тэрбээр 36 жил наймаа эрхэлж байгаа бөгөөд өөрийн өвөрмөц төрх, өөдрөг зангаараа олны танил болсон нэгэн.
Өдгөө дал гарсан ч худалдаа наймаагаа эрхэлж, өдөр бүр дуу дуулан, залуу насны эрч хүчээ хадгалж яваа түүнийг хүмүүс “Ганган эмээ” хэмээн хайрлан дууддаг.
Гурван жилийн өмнө өгсөн ярилцлагаас нь хойш түүний амьдралд олон сайхан үйл явдал тохиож, Монголын өнцөг булан бүрээс хүмүүс ирж дэмжих болжээ.
Энэ удаа түүнтэй худалдаа наймаа, амьдралын хэв маяг, урлагт дуртай сэтгэл болон цаашдын зорилгынх нь талаар ярилцлаа.
Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу?
-Сайн, сайн байна уу? Хүү минь
Та чинь үсээ шар өнгөөр будчихсан байна шүү дээ?
Тийм ээ. Одоо намар болж байгаа болохоор үсээ шараар будчихсан юм. Хавар болохоор ногооноор, зун болохоор ягаан, цэнхэр, улбар шар гээд гоё өнгөөр будна.
Улиралтайгаа үсээ хослуулна гэдэг бас сайхан шүү дээ. Байгаль дэлхийтэйгээ зохицуулаад ингэж явахад хүмүүс хүртэл их сайхан хүлээж авдаг. Намайг эмээ гэж хэлдэггүй, ганган эмээ л гэдэг юм.
Таны худалдаа наймаа хэр байна вэ?
Миний худалдаа наймаа их сайн болсон. Гурван жилийн өмнө та нар надаас ярилцлага авч байсан. Тэр үед Монголын ард түмэн намайг маш сайхан хүлээж авсан. Увс, Баян-Өлгий, Завхан гээд алс холын аймгуудаас, бүр гадаадад сурч байгаа оюутан залуус хүртэл ирж, надаас бараа худалдаж авч, орлого оруулж өгсөн. Тийм болохоор би маш их баяртай байгаа.
Монголын ард түмэн намайг хаана ч явсан сайхан хүлээж авдаг. Манайд хүрээд ирээрэй, тэгээрэй, ингээрэй гээд урьдаг хүмүүс ч олон.
Монголын ард түмэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.
Зарим нь хөдөө нутгаас ууцны мах хүртэл явуулж, цагаан сараа сайхан тэмдэглээрэй, эмээ таныг хүндэлж байна гэж хэлдэг.
Зарим нь намайг өөрийнхөө эмээтэй адилхан юм гээд их дотно ханддаг. Ийм сайхан сэтгэлтэй хүмүүстэй учирч, Монголын ард түмнийхээ дунд амьдарч яваадаа гомдох зүйл алга.
Таны нас сүүдэр хэд вэ?
Би одоо 70 гарч байгаа. Гэхдээ 80, 90 нас хүрнэ гэж бодож байгаа. Нас гэдэг чинь ердөө л тоо шүү дээ. Би одоо ийм сайхан байгаа юм чинь цаашдаа ч хөдөлмөрлөөд л явна.
Миний наймаа ч их сайжирсан. Монголын ард түмэн намайг ингэж сайхан хүлээж авч, урмын үг хэлж, тусалж дэмжиж байгаа болохоор сэтгэл санаа өөдрөг байдаг. Хүн сайхан сэтгэл гаргаж байхад өвдөх, хавдах ч мартагдах шиг болдог юм. Инээж хөхрөөд л, хөдөлмөрлөөд л явж байна.
Урьд нь ярилцлагадаа хэлж байсан даа. Би уяаны морь шиг л байнга гарч ирдэг болсон гэж.
Намайг фэйсбүүкийн од болсон, ганган эмээ байна гэж хүмүүс хэлдэг. Гэхдээ би утсаа үзээд, мессеж бичээд сууж чадахгүй шүү дээ. Заримдаа бүр танихгүй балчир хүүхдүүд хүртэл намайг таньдаг болсон.
1-12-р ангийн олон найзтай болсон. Нас ямар хамаатай юм бэ, бүгд л миний найзууд шүү дээ.
Би намар болохоор хүүхдүүдэд цүнх бэлэглэдэг юм. Урьд нь ч олон хүүхдэд цүнх өгч байсан. Надаас дөрөв, таван жил дараалан цүнх авч байсан нэг хүүхэд бий. Тэр хүүхдийн эмээ нь хоёр жилийн өмнө нас барсан юм. Харин энэ жил өнөөх хүүхэд маань ирсэнгүй. Яагаад ирээгүйг нь мэдэхгүй байна. Ямартай ч эмээ нь хүлээж байгаа шүү, ирж цүнхээ аваарай гээд энэ далимд хэлье.
Та залуу багын л ийм ганган дэгжин байсан уу?
Би залуудаа Лакан толгойт гэдэг хочтой байсан. Жижигхэн биетэй, лакан толгойтой гээд л тэгж нэрлэдэг байсан юм. Үсээ 50 жил будаж байна. Би 18 настайдаа аравдугаар ангиа төгсөөд хойшоо сургуульд явж, дөрвөн жил сураад ирсэн. Түүнээс хойш л үсээ будаж байгаа.
Одоо хүүхдүүд маань хүртэл ээж ээ та арав хоног тутамд үсээ будаад үс чинь уналаа гэдэг. Гэтэл миний үс улам өтгөн болоод л байдаг.
Та залуудаа урлагийн хүн болох хүсэлтэй байсан гэж сонссон. Энэ тухайгаа ярьж өгөөч?
Би залуудаа урлагаар явсан бол явах л байсан юм. Гэхдээ манай гэр бүлийн хүн цагдаагийн байгууллагад ажилладаг байлаа. Өглөө зургаан цагт гараад, шөнө нэг, хоёр цагт гэртээ ирдэг байсан. Тийм болохоор би урлагийн замыг сонгож чадаагүй. Сайхан ажил хөдөлмөр эрхэлж амьдарсан ч дотроо урлагаар явсан бол гэж боддог л юм.
Би одоо ч дуулж байгаа. Утсаараа дуу тавиад л чанга дуулаад сууж байдаг юм. Хүмүүс миний дууг сонсоод, их гоё цангинасан хоолойтой юм, сайхан дуулдаг юм, их гоё энергитэй юм гэж хэлдэг. Тэгээд бүр над дээр ирж, магтаж урам өгнө. Тэгэхээр нь би бүр ч чанга дуулдаг юм.
Өглөө ирээд дуулна, өдөр дуулна, орой дуулна. Өдөрт заавал 1-3 цаг дуулдаг.
Хүн дуулахаар сэтгэл санаа тайвширч, сайхан болдог. Гудамжаар явж байгаа хүмүүс хүртэл зогсоод сонсдог. Тэдний урмын үг надад их сайхан санагддаг.
Төгсгөлд нь та уншигчдад хандаж үг хэлээч?
Миний ээж их сайхан сургаал хэлдэг байсан юм. Залхуурч болохгүй, их унтаж болохгүй, их идэж болохгүй гэж захидаг байлаа. Их унтдаг айлын ажил сөнөдөг, их иддэг эхнэр хүний гэр хоосон байдаг гэж хэлдэг байсан. Эрт босож, хөдөлмөрлөж бай гэж сургадаг байсан нь зөв юм шүү.
Монголын ард түмэн маань хөдөлмөрлөж, ажил хийж, амьдрахын төлөө зүтгэж байгаа нь сайхан санагддаг.
Би цаашдаа ч хөдөлмөрлөнө. Дуугаа дуулна, үсээ гоё өнгөөр будна, наймаагаа хийнэ. Хүн ер нь хөдөлмөрлөж, сэтгэл өөдрөг явах хэрэгтэй юм шүү. Бүгдээрээ эрүүл энх, эвтэй найртай, ажил үйлс нь бүтэмжтэй сайхан амьдраарай гэж хүсье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна