Ардчилсан намын “Өөрчилье, Бүтээе” үндэсний хөдөлгөөн Дорнод аймагт өнөөдөр /2026.09.26/ нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, Ардчилсан намын дэд Дарга Н.Ганибал, Дорнод аймгийн Ардчилсан намын дарга Э.Төмөрбаатар, Олон нийттэй харилцах бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж, Хэрлэн сумын Ардчилсан намын дарга, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал болон бусад төлөөлөл оролцов.
Дорнод аймгийн Ардчилсан намын дарга Э.Төмөрбаатар үндэсний хөдөлгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Өөрчилье, Бүтээе” үндэсний хөдөлгөөнд иргэдийг идэвхтэй оролцож, Чойбалсан хот болон 13 сумын хөгжил, өөрчлөлтөд хувь нэмрээ оруулахыг уриалав.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт “Зүүн бүсийн хөгжлийн төв болсон Дорнод аймгийн “Өөрчилье, Бүтээе” үндэсний хөдөлгөөний нээлтэд оролцож байгаадаа баяртай байна. Тус үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэдэд тулгамдаж байгаа 100 асуудлыг гаргаж, 10 шийдлийг боловсруулан хууль батлуулах, цаашлаад сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах юм.
Бидэнд 2027, 2028 он маш чухал. Энэхүү ялалт нь зөвхөн Ардчилсан намын захиалга биш, нийт монголчуудын хүсэл, зориг юм. Ардчиллын үнэт зүйлийг тээсэн олон хүн Дорнод аймгаас сонгогдон, улс төрд амжилттай ажиллаж байсан. Үүний тод жишээ нь УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын хүү Ш.Бямбасүрэн юм. Түүн шиг шинэ үеийн сор болсон залуучууд гарч ирж байж Ардчилсан нам шинэчлэгдэх учиртай.

Нэг нам удаан хугацаанд засаглахаар хувийн хэвшлийг боомилдог үл үзэгдэгч гар болж хувирдаг юм байна. Бүх зүйл төрөөс хамаардаг болжээ. Үүнийг өөрчлөх цаг болсон. Ардчиллын хоёр дахь том давлагаа болох “Өөрчилье, Бүтээе” үндэсний хөдөлгөөн ийнхүү эхэлж байна. Ардчилсан намын ялалтыг Дорнод аймаг түүчээлэх болтугай” хэмээв.
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн “Нэг нам гурван удаа дараалан ялахаар ямар их ялзрал явагдаж, эрх мэдлийн төлөө яаж тэмцэлдэж байгааг бид харж байна. Дорнодчууд 2000 оноос хойш орон нутагт ялалт байгуулж чадаагүй. Бид 2024 оны орон нутгийн сонгуульд Дорнод аймгийн гол таван суманд олонх болж чадсан.
Цаашлаад бидэнд хийх ажил олон байна. Иргэд ажил, орлоготой, залуус бизнес эхлүүлж, малчид орлогоо нэмэгдүүлж, нийгэм шударга ёсыг хүсэж байна. Нийтээрээ л өөрчлөлтийг хүсэж байна. Үүнийг Ардчилсан нам л хийж чадна. МАН бие биеэ барьцаалсан аалзны тороосоо хэзээ ч гарч чадахгүй. Бид заавал ялах ёстой. Хоёрхон жилийн дотор бүтээлчээр ажиллаж байгааг Хэрлэн суманд олонх болсон залуучууд маань харуулж байгаа. Дорнодын хөгжил бол бид бүхний хамтын оролцоо, хамтын хариуцлага юм. Цаашдаа аймаг, улсын хэмжээнд том өөрчлөлтүүдийг бид авчирна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Үргэлжлүүлэн Ардчилсан намын дэд Дарга Н.Ганибал “10 жил дараалан бид ялагдлын гашуун амтыг мэдэрлээ. Бид ялагдлыг ялалт болгохын тулд дотооддоо өөрчлөлт хийх ёстойг ойлгож, намын Үндсэн дүрмээ өөрчилж, намын анхан болон дунд шатны удирдлагын 60 хувьд нь өөрчлөлт орсон. Дорнод аймгийн Ардчилсан намын дарга Э.Төмөрбаатарын хичээл зүтгэл, зориг, зүрх нь 2027, 2028 оны сонгуульд ялуулна гэдэгт би итгэлтэй байна. Бид нам доторх эв нэгдлийг хангаж, нэгдэж ойлголцсон. Одоо улс орноо өөрчилье. Дорнод аймгийн давуу талуудыг боломж болгоё.МАН хэзээ ч өөрчлөхгүй юм байна. Орон нутгийн хөгжил бол бие даасан байдал, өрсөлдөөнд суурилж байж л хөгжинө. Энэ бол өөрчлөлтийн эхлэл” гэв.

Хэрлэн сумын Ардчилсан намын дарга, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал “Өөрчлөлт гэдэг зөвхөн уриа биш, бодит ажил, бодит үр дүнгээр илэрхийлэгдэх ёстой. Харин бүтээн байгуулалт, хөгжил нь иргэдийн оролцоо, санаачилга, хамтын ажиллагаанд тулгуурлах учиртай.Өнөөдөр бид орон нутгийнхаа иргэдийн санал бодлыг сонсож, тулгамдаж буй асуудлыг бодитоор тодорхойлон, шийдэлд хүрэхийн төлөө хамтран ажиллах шаардлагатай байна. Дорнод аймаг бол Монгол Улсын зүүн бүсийн хөгжлийн чухал төв. Тиймээс бүс нутгийн хөгжил, эдийн засгийн боломж, иргэдийн амьжиргаа, ажлын байр, дэд бүтцийн асуудалд бодитой анхаарч ажиллах нь чухал юм. Дорнодын ардчиллын төлөө зүтгэж ирсэн нийт гишүүд, дэмжигчдэдээ талархал илэрхийлье. Хамтдаа ярилцаж, хамтдаа шийдэж, хамтдаа бүтээцгээе” хэмээв.
Үргэлжлүүлэн Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж улс орон даяар хэрэгжиж буй “Өөрчилье, Бүтээе” үндэсний хөдөлгөөний зорилго, хэрэгжилт, орон нутагт зохион байгуулах ажлын талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн Ардчилсан намд шинээр элссэн залууст Ардчилсан намын удирдлагууд “Ардчиллын Гэрэгэ”-г гардууллаа.
Ийнхүү намын дотоод зохион байгуулалт, гишүүдийн оролцоо, эв нэгдлийг бэхжүүлэх, иргэдтэй хийх уулзалт, орон нутгийн асуудлыг тодорхойлох, цаашдын үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтаар хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна