Хэсэг хугацаанд хэвийн байсан шатахууны нийлүүлэлт буурсны улмаас иргэд ШТС сахин олон цагаар дугаарлаж байна. Зарим аймгуудад урт дараалал үүссэн, хязгаарлалттай олгож байгаа асуудал ч байгаа талаар салбарын яамнаас мэдээллээд буй.
Тэгвэл энэ нөхцөл байдлыг ашигласан шатахууны ШАГ-ийн бизнес дэлгэрчээ.
ШАГ гэдэг нь картын барааны үед гарсан хэллэг бөгөөд “Шил архи гаргах” гэдэг үгийн товчлол бөгөөд тухайн үед архи дарс хэрэглэдэггүй айлууд ноогдсон архиа үнэ нэмээд зарчихдаг байсантай холбоотой юм. Түүнээс хойш ховор живэр барааг бодит үнээс нь өсгөн худалдахыг “ШАГ”, “Шаглах” гэж ярьж хэлдэг болсон байдаг.
Шатахууны ШАГ-ийн үнэ нэг литр нь 6000-9,000 төгрөгт хүрсэн талаар иргэд ярьж байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шатахуун ховордоход нэг литр АИ-95 шатахууны ШАГ-ийн үнэ 7000 төгрөг, АИ-92 нэг литр нь 5000 төгрөг хүрсэн, зарим сэргэлэн, амташсан ШАГ-чид үйлчлүүлэгчийнхээ түрийвчний нимгэн зузаанаас хамаараад 9000 төгрөгөөр зарж байгаа талаар мэдээлэл хөвөрч байв.
Харин энэ зун дахин шатахуун тасалдахад зуны амралтаар хөдөө орон нутгийг зорьсон нийслэлчүүдийн буцаж ирэх хэрэгцээ, шаардлагаас үүдэлтэйгээр шатахууны бизнес “цэцэглэж" байв. Тэгвэл саяхнаас шатахууны олголт буурч, "Шаг"-ийн шатахууны үнэ эргээд нэмэгджээ. Ингэхдээ энгийн АИ92 бензинийг 6000 төгрөг, Евро92 бензинийг 8000 төгрөг, АИ95 бензинийг 9000 мянган төгрөгөөр худалдаалж байгаа аж.
Шатахууны нийлүүлэлтийн талаар АҮЭБ-ийн ТНБД Б.Дашпүрэв "Өмнөх саруудад шатахууны нөөц тодорхой хэмжээнд өсөж байсан бол энэ сар чадан ядан хэрэглээгээ хангахаар хэмжээнд байна. Улаанбаатарын хэмжээнд 9720 тонн нөөц байгаа. Энэ сард ОХУ-аас авах ёстой захиалгын хэмжээ 18,000 тонн шатахуун авах дутуу байна. БНХАУ-аас 8000 тонн захиалж авсан бөгөөд одоогоор Замын-Үүдэд шилжүүлэг хийж буй. ОХУ-аас ачигдаж буй бензиний хэмжээ зарим өдөр багассан учир нөөц хангалттай өсөхгүй асуудал байсан. Бид албаныхантай холбогдож шатахууны ачилтыг хийх хүсэлт өгсөн болохоор энгийн үеэс хоёр дахин их хэмжээний бензин ачсан вагонууд хилийн чанадаас ирж буй тул ирэх өдрүүдэд бензин хэвийн болж эхэлнэ" гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна