АН-ын “Өөрчилье бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд "Ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 2 сая төгрөгт хүргэж, эрүүл мэнд, идэвхтэй амьдрал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжье" үндэсний хэлэлцүүлэг Орхон аймагт боллоо. Ардчилсан ахмадын холбооны ерөнхийлөгч Ш.Адьшаа тус аймагт ажиллаж, ахмадуудынхаа санал бодлыг сонслоо. Энэ үеэр түүнтэй ярилцлаа.
-Ахмадуудынхаа тэтгэврийг 2 сая төгрөг болгох хэлэлцүүлгийг гурав дахь аймагтаа зохион байгуулж байна. Үндэсний хэлэлцүүлгийн талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юү?
-Монгол орон даяар “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөнийг Ардчилсан намаас зохион байгуулж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Ардчилсан ахмадын хорооноос эрүүл мэнд, идэвхтэй амьдрал, хөдөлмөр эрхлэлт, тэтгэврийн доод хэмжээг 2 сая төгрөг болгох үндэсний хэлэлцүүлгийг гурав дахь аймаг болох Орхон аймагт зохион байгуулж байна. Энэ уулзалтад 800 гаруй ахмадууд, мөн залуус хүрэлцэн ирж оролцлоо. Үндэсний хэлэлцүүлэг зөвхөн ахмад настны асуудал биш. Нийтээрээ оролцож, ахмад настай болох үеийнхээ амьдрал, эрх, амьд явах баталгааг төрөөр хангуулахын төлөө дуу хоолойгоо өргөх ёстой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад тэтгэвэрийн доод хэмжээ 769 мянган төгрөг байна.
Энэ мөнгө нэг хүний сарын хэрэглээнд хүрэхгүй гэдгийг бүгд мэднэ. Хоёрхон жилийн өмнө мах кг нь 15000, нэг литр бензин 2800 төгрөг байсан. Төгрөгийн ханш унаад байна. Монгол Улсын засаг төр ард иргэдийнхээ амьдрах орчныг бүрдүүлж өгөх үүргээ биелүүлэх ёстой. Ахмад настан гэхээрээ л амьдралынхаа сүүл хэсэгт очсон хүмүүс гэж хардаг хандлагыг өөрчлөх ёстой.
Монголын ахмад настан гэдэг бол Монгол Улсын түүхийг бүтээлцсэн, өв соёлоо хадгалж яваа хүмүүс гэдгийг залуу үеийнхэн, төр засаг ойлгох хэрэгтэй.
-Тэтгэврийн доод хэмжээг хоёр сая төгрөгт хүргэхээр эдийн засаг даах уу?
-Бидний дэвшүүлсэн ахмадын тэтгэврийг 2 сая төгрөг болгох асуудал нь зөвхөн Ардчилсан намын бус Монголын төрийн асуудал юм. Монголын төр 500 мянга гаруй ахмадаа эдийн засгийн хүнд байдал, доройтолд оруулах уу, амьдралаа залгуулах тэтгэврийг нь нэмэх үүргээ биелүүлэх үү гэдгийг ард түмнээсээ асуух гэж энд цугласан.
Өнөөдрийн байдлаар 20 мянга гаруй хүмүүс хэлэлцүүлэгт оролцож, саналаа өгсөн. Энэхүү хэлэлцүүлгээ орон даяар зохион байгуулна. Ахмадуудтай уулзаж, үнэхээр тэтгэврээ 2 сая төгрөг болгохыг дэмжиж байвал төрд хүсэлтээ гаргах болно.
Ардчилсан намын бодлогоор дамжуулж ахмадын тэтгэврийг нэмүүлэх зорилготой ажиллана. Ард түмэн үүнд идэвхтэй оролцож, дэмжээсэй гэж хүсэж байна. Нийт ард түмэн энэ асуудлыг төрдөө хүргэж буй үг гэдгийг ойлгоорой.
-Ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 2 сая төгрөгт хүргэх үнэхээр боломжтой юу. Иргэд ямар санал хэлж байх юм?
-Бүрэн боломжтой. Одоогоос 10 жилийн өмнө Монгол Улсын төсөв 6 их наяд төргөг байсан. Гэтэл өнөөдөр Монгол Улсын төсөв 44 их наяд төгрөг болсон байгаа нь энэ хэмжээний орлого хуримтлагдсан гэсэн үг.
769 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмадуудын тэтгэврийг 2 сая болгох бүрэн боломж нь төсвийн тэлэлт. Бид Оюутолгойгоос ногдол ашиг хүртэхээр болсон. Үүнийг ахмадуудын тэтгэвэрт зарцуулах хэрэгтэй. Яагаад гэвэл Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т байгалийн баялаг Монголын ард түмний өмч, иргэн бүр хувь хүртэнэ гэж заасан байгаа. Тийм учраас үүнээс хамгийн түрүүнд ахмадууддаа хувь хүртээх ёстой.
Монгол Улсын Засгийн газар 2027 оны төсвийг өргөн барихдаа баялгийн санд хуримтлагдсан мөнгийг тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс нэмэгдүүлэхэд олгож, төрийн албан хаагчдын цалинг 50 хувь нэмэх шийдвэр гаргасан. Тэтгэвэр тэтгэмжийн тухайд бол ахмадуудаа хууран мэхлэж байна гэж бодож байна.
Яагаад гэвэл тэтгэвэр нэмэх талаар 2025 оноос хойш маш олон хувь хүн, байгууллагууд шаардлага тавьж, жагсаал цуглаан хийсэн. Гэтэл өнөөдөр шийдсэн зүйл нэг ч алга. Үүнд Монголын төр хариу өгөх цаг болсон. Сүүлд арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тэтгэврийн доод хэмжээг 1 сая төгрөг, 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нэг сая 350 мянган төгрөг болгоно гэсэн хууль өргөн барьсан байсан.
Гэтэл Г.Занданшатарын Засгийн газрын үед тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болговол улс орон сүйрнэ гээд байсан. Ингэж тархи угаалт хийж, эдийн засгийн дарамтад орсон мэтээр ухуулга хийж, ахмадын тэтгэврийг нэмэх асуудлыг дахин битгий хойш тавиасай гэж хүсэж байна. Үүнийг Монголын 500 гаруй мянган ахмад настны өмнөөс төр засагтаа уриалж байна.
Ахмадуудын тэтгэврийг 2 сая төгрөг болгох асуудал бол наад захын асуудал шүү гэдгийг та бүхэн ойлгоорой.





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна