ШАТАХУУНЫ ОЛДОЦ: Сахил хүртээд шал дордов уу

Zuv.mn
1 цаг 42 минутын өмнө

-Хүний, өөрийнгүй, албаны хүний мэдээлэл амьдрал дээр яагаад зөрж байна вэ-

Нийслэлд шатахуун дахин ховордож, түгээлт хийж буй ШТС цөөрөн, ажиллаж байгаа хэд дээр нь уртаас урт дараалал үүсээд байна.

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Алексей Оверчук энэ сарын 14–15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо албан ёсны айлчлал хийсэн билээ. “Монгол-Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт”-ын хүрээнд болсон уг айлчлалдаа тэрбээр төр, бизнесийн 400 гаруй төлөөлөгч бүхий нүсэр бүрэлдэхүүнийг ахлан ирж, ЕАЭЗХ-той байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжилтийг хангах асуудлаар Ерөнхий сайд Н.Учрал, Шадар сайд Н.Номтойбаяр тэргүүтэнтэй албан ёсны уулзалт хийсэн байдаг.

Энэ үедээ тэрбээр “ОХУ-ын зүгээс Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг тогтвортой бөгөөд хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байгааг онцлоод, цаашид ч найдвартай хангалтыг үргэлжлүүлнэ” гэж амалсан бөгөөд энэ нь шатахууны хомсдолд дахиж орохгүй юм байна гэсэн найдлагыг төрүүлээд байсан юм.    

Гэтэл сахил хүртээд шал дордов гэгчээр нөхцөл байдал илүү хүндэрчихлээ.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “ОХУ-аас 18,000 тонн, БНХАУ-аас 8,000 тонн бүтээгдэхүүн оруулж ирж байгаа учраас шатахууны хомсдол үүсэхгүй” гэж мэдэгдсэн. А.Оверчук "найдвартай хангалтыг үргэлжлүүлнэ" гэсэн. А.Оверчук худлаа ярив уу. Дотооддоо буруу гараар ороод байна уу. 

Албаны хүний мэдээлэл, амьдрал хоёр өөр. ОХУ-аас шатахуун хэвийн орж ирж байгаа бол яагаад дотоодод хомсдол үүсэж, нүдэн дээр оочир дугаар ихсээд байна вэ. Ноцтой нь, яагаад ШТС-ууд түгээлт хийхгүй, иргэд өнжин, хонон дугаарлаж байхад “ШАГ”-чид их хэмжээгээр зарж чадаж байна вэ.

ОХУ-аас хангалттай авсан ч дотоодод хэргээр хомсдол үүсгэж, тодорхой хэсгийг нь өндөр үнээр зарж борлуулан ашиг хийх зорилготой өндөр түвшний бүлэглэл бий болж зохион байгуулалтад орсон юм биз. Шатахуунтай холбоотой яг өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал дээрх асуултуудад хариулт өгөхийг шаардаж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна