Эрх баригчдын багийг хуу татсаар буй хоёр үг

Х.Батсайхан
1 цаг 42 минутын өмнө

-Сугалаа, бартер цэцэглэсэн нь иргэдийн амьдрал доройтож буйн илрэл-

20 жилийн өмнө бол гарчигт бичсэн хоёр нэр томъёоноос сугалааг нь мэдэж, нөгөөг нь тодорхой хүрээнийхэн л мэдэхээс ард нийтээрээ гадарладаг ч үгүй байв.

  • Бартер гэдэг нь бараа солилцоо гэсэн үг. Зоосон, цаасан мөнгө гараагүй байх үед ноёлж байсан хэлбэр. Малчин хүн махаа ногоочинд ногоогоор “тулна”, талхчин хүн оёдолчинд талхаа нийлүүлээд хувцас авч өмсөнө гэх зэргээр хэрэгцээгээ хангахыг хэлдэг.
  • Сугалаа нь хонжвор амладаг. Гэхдээ манайд өөрийн бараа бүтээгдэхүүнээ зарж худалдах хэрэгсэл болон ашиглагдаж байна. Худалдаж авах хүн байхгүй болохоор хүмүүс сугалаа зарлаж, ашиг ч харахгүйгээр зүгээр л юмаа зарж байна.

Сугалаа, бартер нь бэлэн мөнгө ховор хомс болж, иргэдийн амжиргаа маш муудаж, шунал оюун ухааныг давсан үед хүчээ авдаг.  

Тэгвэл сүүлийн жилүүдэд сугалаа, бартергүй юм алга боллоо. Энэ бол ерөөсөө л иргэд мөнгөгүй болж байгаагийн шинж. 

Монголчууд 2008 оны сонгуулийн дараа юу болсныг мартаагүй байх. Эрх барьж байсан МАН санал хураалт болохоос өмнөх хэдэн сард бүх зүйл сайн сайхан байгаа мэтээр ухуулга хийж, үнэхээр ч тийм байгаа юм шиг санагдаж байж билээ. Гэтэл санал хураалт болсны маргааш нь шахуу банкууд зээлээ хааж, Төв банк бодлогын хүүгээ нэмэн, бэлэн мөнгө нүдний гэм болсон. “Бартер”, “Лизинг” гэсэн үгс тэр үед л танил болсон байх. Тэр ч байтугай лизинг нь урьдчилгаагүй, хүүгүй байв.

Эрх баригчид ирээдүйгээсээ зээлээд идчихсэн байх тэр үед дэлхийн эдийн засгийн хямрал хавсайдаад монголчуудыг тэгж доошоо ороход хүргэсэн.
Нөхцөл байдал хүнд байгааг мэдэж байсан хэрнээ сонгууль өнгөртөл эдийн засгийг хүчээр барьж байсныг нь бодохоор төрийн эрхэнд байсан нөхдүүдийг үзэн ядсан ч багадахаар. Монголчууд өс санаж чаддаггүй ард түмэн юм л даа.

Санаж байгаа бол, 2004-2008 оны зургадугаар сар хүртэл монголчууд үнэндээ туйлсан. Алт, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байж, орлого нэмэгдсэн учир эрх баригчид эдийн засгийг тэлэх бодлого баримтлах болсон билээ. Халамж ч сайжирч, хэрэгтэй хэрэггүй хөтөлбөрт мөнгө зарах болсон.

Мөнгөө үрсэн, юу ч үгүй болгосон. Байдал хүндэрч эхлэхэд ямар нэг аргаар тэсч байгаад сонгууль өнгөрөөх аргыг сонгосон. Төв банкинд хүртэл нөлөөлж, бодлогын хүүгээ нэмэгдүүлэх шийдвэрийг нь хойшлуулж байсан ч байж мэднэ. Энэ бол иргэдийг хууран мэхэлсэн, цаашилбал төрийн эрхийг хууль бусаар авсан гэж үзэж ч болохоор хэрэг байлаа. Ийм л юм болсон.

Тэгвэл, ойрноос тэр үед оччихсон мэт санагдах болов. Дээдэс нь “Бүх юм сайн, сайхан болно. Оюутолгойгоос ногдол ашиг авна” гэх зэргээр сайхан юм ярьж байгаа ч биелэх эсэхийг бүү мэд.  Цалин тэтгэвэр нэмэх төсөв боловсруулсан ч сөрөг үр дагавар нь сонгуулийн дараа. Өнөөх л улиг болсон мэх шиг. (Нарийн яривал ДНБ нэмэгдэнэ гэдэг нь бид Хятад руу хоёр дахин их нүүрс гаргана гэсэн үг болохоос иргэдийн амьдрал сайжирна гэсэн үг биш).

Гэтэл амьдрал дээр иргэдийн амжиргаа уруудан доройтож байгааг илтгэх дам шинж тэмдгүүд илэрсээр.

Эрх баригчдын өөрсдөө өмссөн, ард түмэнд бас өмсүүлж тархийг нь угаах гэж ядаж буй худал хуурмагийн багийг энэ хоёр үг л хуу татаж байна.

Зарын сонинуудад өнөөх “бартер” гэгч үг олноороо гараад ирлээ. Нийтийн сүлжээгээр дүүрэн сугалаагаар юм зарж байгаа хүмүүс. Хэвлэлийн хурлууд нь койны хохирогчид. Худалдааны байгууллагууд борлуулалтаа эрчимжүүлэхийн тулд хүүгүй, урьдчилгаагүй лизинг санал болгох болов.

Давхар тайлангийн үе эргэн ирснийг, үүнийгээ ААН-үүд юунаас ч айхгүй тунхаглах болсныг илтгэх "Хувийн сургуульд багш ажилд авна. Цалин 792,000-1,000,000 төгрөг" гэх зар батална.  

Товчхондоо, эрх баригчид яаж ч сайхан амласан амьдрал дээр иргэдийн худалдан авах чадвар муудаж, компаниуд хаалгаа барьж байна. Тэр хэрээр ажилгүйдэл нэмэгдэж, ядуурал газар авсаар. Гэтэл эрх баригчид таг чиг, цаагуураа бол Тавантолгой, Оюутолгой булаацалдаж маргалдаад л байгаа сурагтай.

Харин хуулийнхан шалтгаантай бус үр дагавартай тэмцэлдэж дүр эсгэсээр цаг хугацааг өнгөрүүлж, эрх баригчдыг сонгууль руу нь дөтлүүлж явна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна