Боловсролын зээлийн сангийн багш мэргэжлийн тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын санхүүжилт одоогоор сургалтын дансанд шилжин орж ирээгүй холбоотойгоор оюутнууд сургалтын төлбөрөө өөрсдөө төлөх шаардлага үүсээд байна.
Уг асуудал тэтгэлэгт хамрагдсан оюутнууд болон тэдний гэр бүлд санхүүгийн хүндрэл учруулж байгаа тул оюутнууд сургуулийнхаа гадна тайван жагсаал хийлээ.
О.Сувдмаа: Бид тэтгэлгийнхээ асуудлаар жагсаж байна. Боловсролын зээлийн санг манай сургуулийн багш мэргэжил болон бусад мэргэжлийг 50, 70, 100 хувь дэмжиж тэтгэлэг олгоно гэсэн. Боловсролыг дэмжье гээд санал шийдвэр гаргаснаа шийдвэрээсээ буцаж байгаа нь маш хүнд санагдаж байна.
Бидэнд тодорхой хугацаа өгөөд тэтгэлэг өгөхөө больсон гэдгээ хэлэх ёстой байсан. Гэтэл сар хүрэхгүй хугацааны дотор төлбөрөө төл гэсэн мэдээлэл хүргүүлсэн. Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг бүрэн зогссон гэж хэлсэн.
Үнэхээр гомдож байна. Намайг дөрвөн жил үнэгүй сурна даа гээд бодож явсан аав, ээжид минь ямар байгаа бол. Тэд ч гэсэн санхүүгээ зохицуулна шүү дээ. Тэтгэлгээ өгөхгүй гэдгээ эрт хэлсэн бол би ажил хийгээд төлбөрөө олох байсан шүү дээ. Ажил хийх хугацаа ч өгөхгүйгээр ийм шийдвэр гаргаж байгаад үнэхээр гомдож байна. Анхнаасаа хийсэн гэрээ хэлэлцээнийхээ дагуу байх ёстой шүү дээ. Тиймээс биднээс төлбөр нэхэмжлэх шаардлагагүй гэж бодож байна.
О.Хулан: Гэрээнд бүх зүйлийг ном журмаар нь тусгасан байсан. Гэрээ хийсэн бол гэрээнийхээ хүрээнд л байх ёстой. Шударга бус санагдаж байна. Оюутнууд ингэж жагсах нь аргагүй шүү дээ.
Би хоёр жил тэтгэлгээр сурсан. Намар төлбөрөө төлөөд орж ирсэн. Гэнэтийн шийдвэр гараад гэр бүлдээ хэлэхэд маш хэцүү байсан. Тэтгэлэгтэй гээд мэргэжлээ сонгож орж ирээд охин нь мундаг сурч байгаа гээд аав ээждээ хэлэхэд ямар гоё билээ дээ. Гэтэл тэтгэлэг байхгүй болчихсон гэдгээ хэлэхэд төлөвлөөгүй гэнэтийн санхүүгийн дарамтад орсон. Ингэх байсан бол анхнаасаа яах гэж тэтгэлэг зарласан юм бэ? Гэрээ нь ч ойлгомжгүй, оюутнуудын сэтгэлзүйгээр наадаж байна.
Багш гэдэг мэргэжлийг сонгоод орж ирэхэд тэтгэлгийн асуудал ч нөлөөлсөн. Гэтэл цаашдын ирээдүйн амьдрал маань хүртэл алдагдаж байна. Тэтгэлгээ нэг бол хэвээр нь байлга. Эсвэл гэрээнд тусгасан зарим заалтаа өөрчилж, эрэлттэй мэргэжил гэдэг хүрээгээ тэлж, илүү олон оюутнуудад боломж олго гэж хүсэж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна