Н.Учралын танхимын бяр нь амтагдсан сайд нар №1: Ерөнхий сайдынхаа байр суурийг үгүйсгэсэн Г.Дамдинням

Х.Батсайхан
2 цаг 3 минутын өмнө

Засгийн газар УИХ-ын дээр гараад суучихсан, сайд нар гишүүдэд "Мэдээлэл өгөхгүй", "Асуултад хариулахгүй" гэхчлэн “томорч” байгаа дүр зураг сүүлийн үед хэтэрхий гэмээр олширлоо. Өөрт олгогдсон эрх мэдэл, хүрээ хязгаарыг давсан үг хэлдэг, үйлдэл хийдэг сайд нар олширч, Засгийн газраа бүхэлд нь муухай харагдуулах болов.

Яг одоо Ерөнхий сайд Н.Учралын танхимд ард түмний төлөөлөл, өөрсдөд нь үүрэг өгч, хариуцлага тооцдог бүтэц болох УИХ-ыг үл тоох хэмжээнд очтолоо эрх мэдэлдээ нүд нь сохорсон Тэргүүн Шадар бөгөөд эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд Н.Мэндсайхан, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Б.Энхбаяр, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарын зэрэг эрх мэдлийн эрэмбийг умартсан сайд нар ажиллаж байна.

Тэд нар дундаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын өнгөрсөн шөнө ШТС-уудаар явж ажиллахдаа илэрхийлсэн байр суурь иргэдийн бухимдлыг ихээр төрүүллээ.

Өмнө нь тэрбээр УИХ-ын үйл ажиллагааны үеэр Н.Алтанхуяг гишүүнийг хөгшин настайгаар нь дуудан доромжилж байсан.

Тэгвэл өнгөрсөн шөнө ШТС-уудаар ажиллах үедээ “Загнаад байгаа үйлчлүүлэгчид битгий шатахуун өг”. “Дахиж өгөхгүй байх зохицуулалт хийж болохгүй юу. Өөр арга алга байна шүү дээ” гэж ярьсан нь хоёр, гуравхан хоногийн өмнө Ерөнхий сайд Н.Учралын ярьсны яг эсрэг болж гайхаш төрүүлсэн юм. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал “Байгаа юмаа түгээ” гэсэн бол Г.Дамдинням “Хэл ам хийсэн иргэнд битгий түгээ” гэсэн агуулгатай байр суурь илэрхийлж, нугалаа гарах эрсдлийг шууд үүсгэлээ. ШТС-ын түгээгч болгон хөөрхөн жижигхэн охин байдаггүй, өнжин хонон дугаарласан иргэдэд үзэмжээр хандах магадлалтай. Төрийн сайд хүн иргэдэд хандаж, хэл ам хихгүй, шатахуун түгээгчид хүндэтгэлтэй хандахыг уриалж болох байсан. гэвч тэгсэнгүй. 

Дээр нь тэрбээр шатахууны түгээлтийг нэмэгдүүлэхийг шаардсан “Тэвчээр тасарлаа” жагсаалын үеэр иргэдийн төлөөлөл хэмээн сүшиалд орчинд маш идэвхитэй хүмүүсийг хүлээж авч уулзсан.

Ингэснээрээ танхимаа муухай харагдуулагч сайд нарыг яг одоогийн байдлаар өнгөлж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна