С.Бямбацогтыг сандаргасан “Ярантын боомтын БУДЛИАН” буюу 400,000 тонн нүүрсний хулгайн хэрэг-I

Х.Батсайхан
1 цаг 42 минутын өмнө

-Монгол Улс хулгайд алдсан 1.7 сая тонн нүүрснийхээ хойноос явах ёстой, шударга ёс гэж байдаг бол Хөшөөтийн ордоос хувиа олж авах учиртай-

Монголын Гаалийн байгууллагын экспортоор гарсан нүүрсний тоо хэмжээ БНХАУ-ын Гаалийн байгууллага бүртгэсэн тоо хэмжээнээс 6.9 сая тонноор зөрсөн дуулиан 2022 оны сүүлээр дэгдэж, улмаар мөн оны арванхоёрдугаар сар, 2023 онд дараалан “Нүүрсний” гэх сонсголыг зохион байгуулсан билээ.  

Тодруулбал, С.Чинзориг даргалсан эхний сонсголоор 40 их наядын хулгай гэгчийг тодруулсан бол Б.Энхбаяраар даргалуулсан Хянан шалгах түр хороо Монгол Улсын хилээр 5.2 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсныг баталж, олон нийтийн анхааралд оруулсан байдаг.  

Энэ нь мөнгөн дүнгээрээ тухайн үеийн ханшаар 17 их наяд орчим төгрөгийн хулгай гэж мэдээлэгдэж байсан бөгөөд өмнөх сонсголоор яригдсан 40 их наядад хүрээгүй ч БНХАУ-ын Гаалийн байгууллага бүртгэсэн гэдгээрээ яах аргагүй баримттай, хулгай гэж тооцогддог.

Тэгвэл энэ тоо хэмжээ 6.9 сая тонн байсан бөгөөд шалгалтын хүрээ хумигдаж, зөвхөн Тавантолгойг хэлэлцэх болсонтой холбоотойгоор 1.7 сая тонн нь хасагдсан тухай ноцтой мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

Оноё гэснээ оносон ч дутуудуулсан сонсгол

Одоо ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаа Б.Энхбаярын зохион байгуулсан “Нүүрсний сонсгол” нь анх “Бодь”-ийн гэгдэх оффшор компаниудын асуудлыг дэлгэх ёстой байсан ч зорилгоо өөрчилж, "Бор тээг"-ийн асуудлыг хөндөхөөр болсон талаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ярьдаг.

Тэгвэл энэхүү маапаантай Ажлын хэсгийн хийсэн ажил анх удаа өөрчлөгдсөн нь энэ биш бөгөөд өмнө нь УИХ-аас уг Хянан шалгах түр хороог Ш.Адьшаагаар даргалуулан байгуулж, шалгалтын хамрах хүрээнд Монгол Улсаас нүүрс гардаг бүх боомтыг хамруулан, ажил зохион байгуулан тодорхой үр дүнд хүрсэн байдаг юм.

Гэвч сонсгол зохион байгуулах асуудал сунжирсаар зургаан сар болсон тул Ш.Адьшаа даргатай тус Хянан шалгах түр хороо татан буугдсан бөгөөд УИХ-аас эхлээд Г.Ганболдоор, дараа нь Б.Энхбаяраар даргалуулсан Хянан шалгах түр хороог байгуулсан байдаг.

Улмаар Б.Энхбаяр шалгалтын хүрээг хумьж, нүүрс гардаг бүх боомтыг биш, ганц Гашуунсухайт-Ганцмод боомтын асуудлыг хөндсөнөөр Монгол Улсын хилээр бүртгэлгүй гараад явчихсан 1.7 сая тонн нүүрсний асуудлыг хөндөлгүй үлдсэн түүхтэй.  

Б.Энхбаяр даргатай Хянан шалгах түр хорооны зохион байгуулсан Сонсголын хамрах хүрээ бага /Зөвхөн Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хамруулсан/ ч жишиг тогтоосон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ ихтэй гэдгээрээ ач холбогдол яах аргагүй өндөр байсан.

Өөрөөр хэлбэл, сонсголууд цаашдаа дахиж болох замыг нээсэн бөгөөд сэдэв нь өмнөх буюу Б.Энхбаяр даргатай Түр хорооны зохион байгуулсан сонсголоос орхиж гээгдсэн баримтууд байх нь тодорхой байна.

Тодруулбал, 1.7 сая нүүрсний хулгайг илрүүлэх явдал бөгөөд Булган буюу Ярантын боомт, түүгээр нүүрсээ экспортолдог Хөшөөтийн уурхайг эзэмшигч “МоЭнКо” ХХК, тэрний дараа хяналтгүй уул уурхай цэцэглэж байгаа Сүхбаатар аймгийн уурхайнуудын нүүрс гардаг Бичигт боомт гэх мэтээр сонсголыг үргэлжлүүлээд явах боломж, гарцыг нээж өгсөн. Одоо Монголын төр энэ алга болсон нүүрснийхээ араас явах ёстой. Буруутнуудыг илрүүлж хариуцлага тооцох ёстой юм.

Нүүрсний хулгай ганц Тавантолгой, Гашуунсухайт дээр явагдаагүй. Энэ бол Монголын уул уурхайн баялгийг урагшаа гаргадаг олон ААН, олон боомтын зөвхөн нэг нь гэдгийг дахин онцолъё.

УИХ-аас Ш.Адьшаагаар даргалуулан байгуулсан анхны Хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэвт Ханги, Мандал, Байтаг, Замын-Үүд, Гашуусухайт, Ярант, Бичигт, Шивээхүрэн боомт болон Алтанбулаг, Цагааннуурын чөлөөт бүсийн асуудал багтсан байсан бөгөөд нотлох баримтуудыг цуглуулж, зөрчлийг баталгаажуулсан асуудлууд ч байсан. Тэдгээрээс хамгийн ноцтой нь Ховд аймагт байх Булган буюу Ярантын боомт, тус боомтоор нүүрсээ гаргадаг Хөшөөтийн уурхайтай холбоотой асуудал байсан юм. Тодруулбал, Булган боомтоор Хөшөөтийн уурхай нүүрс гаргадаг, гэтэл Булган боомтын экспортын дүн мэдээ БНХАУ-ын талын Такешикан боомтын дүн мэдээнээс 400 мянган тонноор зөрсөн асуудал гарсан. Энэ бол тухайн үеийн ханшаар 60 орчим сая ам.долларын асуудал бөгөөд төгрөгөөр тооцвол олон зуун тэрбум төгрөгийн хулгай яригдана.

Б.БЕЙСЕН

/УИХ-аас анх байгуулсан Хянан шалгах түр хорооны гишүүн/

“Ховд, Цагааннуурын боомтоор явсан. Хөшөөтийн уурхайг шалгасан. Булган боомттой холбоотой тодорхой баримт шинжээчид өгсөн. Маш их хэмжээний баялаг алдагдаж байхад шинжээч тухайн үед “Ажлыг сайн хийнэ” гэсэн хэрнээ хариуцлагагүй ажилласан. Тайланг нь сонсмоор байх юм. Ядахдаа тайлангаа ажлын хэсэгт өгч болно шүү дээ.

50-60 сая долларын нүүрс хилээр гарсан, хулгайгаар. ...Том ордоо гадаадын хөрөнгө оруулалттай компанид өгчихсөн байтлаа бид нарыг шахдаг. Хөрс хуулалтаар зовоож байна гээд ярьж байна”

/УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан “Хилийн боомтуудаар ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” УИХ-ын Түр хорооны хуралдаанд /2023.06.27/ хэлсэн үгээс/

 Хөшөөтийн уурхайн будилаан, С.Бямбацогт, Ш.Адьшаагийн тэмцэл  

“МоЭнКо” нь “Баруун хязгаарын Тавантолгой” гэгддэг, Хөшөөтийн нүүрсний ордыг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг, уул уурхайн салбарын томоохон ААН-үүдийн нэг. Гэхдээ Монгол Улс бүртгэлгүй гараад явчихсан 1.7 сая тонн нүүрснийхээ араас явах ёстой. Нэгбүрчлэн хөөж, дахиж гаргах арга замыг нь таслан зогсоох учиртай.

Б.Бейсен гишүүний хэлснээс үзэхэд, хулгайлагдсан 1.7 сая тонн нүүрсний лавтай 50-60 сая ам.долларт ногдох хувь нь Булган боомт, Хөшөөтийн уурхайд олборлолт хийдэг “МоЭнКо” компанитай холбоотой болохыг УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хороо олж тогтоожээ.

Тиймээс дараагийн сонсголыг энэ асуудлаар хийх санаачилгыг гаргаж байна.

Дашрамд, “МоЭнКо” ХХК-ийн эзэмшдэг Хөшөөтийн орд нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдэж, анхны нөөц нь тогтоогдсон бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулиар төр буюу ард түмэн 50 хувийг нь үнэ төлбөргүй эзэмших боломжтой орд. Товчдоо, Баялгийн санд орж ирэх өгөөжийг нэмэгдүүлэх хамгийн боломжит хувилбар. Нөөцийн хувьд Тавантолгойтой ойролцоо, шинээр тогтоогдох боломжтой нөөцийг тооцож үзвэл илүү гарч ч мэдэх орд гэх юм билээ. Энэ аварга ордын хувийн хэвшилд шилжсэн үйл явц, улс төрийн хамаарал, орон нутгийг хэрхэн хууран мэхэлсэн, байгуулсан эхний гэрээгээ хэрхэн үгүйсгэсэн талаар бид цаашид мэдээлэх болно.

Дашрамд, Б.Энхбаяраас өмнө хянан шалгах түр хороог /Татан буугдсан/ даргалж байсан Ш.Адьшаа “МоЭнКо” ХК Хөшөөтийн ордын гэрээгээ зөрчсөн асуудлаар “Нийтийн сонсгол” хийнэ” гэж байсан бөгөөд одоо УИХ-ын даргаар ажиллаж байгаа С.Бямбацогтыг тус компанитай холбоотой, ивээлдээ байлгадаг гэж ил тод мэдэгдэж байв.

Түүнчлэн, Нүүрсний асуудлаарх эхний сонсголын үеэр С.Бямбацогт нь сэтгүүлчийн “Та нүүрсний хулгайтай холбоотой юу” гэх асуултад мэгдэн сандарч байсан нь бичлэгээр үлдсэн байдаг бөгөөд Ш.Адьшаа даргатай Хянан шалгах түр хорооны ажлыг удашруулж, улмаар татан буулгах нөхцөл бүрдүүлэх, дараа нь Б.Энхбаяр даргатай Хянан шалгах түр хороонд орж ажиллахдаа Ш.Адьшаа гишүүнийг “Шанх транс” зэрэг компанитай холбоотой хэмээн олон нийтэд зарлах зэрэгт нөлөөлсөн  гэж хардаж байв.

Ямартай ч “МоЭнКо” бол яах аргагүй стратегийн орд, Баялгийн санд шууд орлого төвлөрүүлэх боломжтой ААН мөн учраас бид энэ асуудлыг цаашид хөндөх болно. Дээр дурдсанчлан, “МоЭнКо”-той холбоотой гэж Ш.Адьшаа гишүүнд хардагдсан С.Бямбацогт Хянан шалгах түр хороо байгуулагдсаны дараа УИХ-ын Чуулганы танхимд “Хөшөөтийн ордыг төрд авах ёстой” гэж мэдэгдэж байсан бөгөөд энэ мэдэгдлээрээ хардлага сэрдлэгийг арилгасан. Тиймээс Хөшөөтийн асуудалд яг энэ байр сууриараа дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтай байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна