БАЙР СУУРЬ: Оюу толгойн ногдол ашиг иргэдийн дансанд очих уу, баялгийн санд хуримтлагдах уу

Х.Есү
58 минутын өмнө

Монголчууд Оюу толгойгоос ногдол ашиг 17 жилийн дараа авах гэж байна. Нийт 3 их наяд төгрөгийг авахаар хэлэлцээ хийсэн. Энэ мөнгийг хэрхэн зарцуулах эсэхийг Засгийн газраас и-монголиагаар дамжуулан нээлттэй санал асуулга авч эхэлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүдийн байр суурийг нэгтгэн хүргэе.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: “Оюутолгой төслөөс орж ирж байгаа өгөөжийг нэн яаралтай шийдэх эрчим хүчний болон бусад төслүүдэд хөрөнгө оруулаад явах нь зөв. Бид дансандаа мөнгө хадгалаад тог цахилгаан нь тасраад байвал хэцүү шүү дээ. Эрчим хүчний хангамжийг сайжруулж байж Монгол Улсад хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжрах юм. Улаанбаатар шинэ хотхон, үйлдвэр баръя, гэр хорооллыг дахин төлөвлөхөд эрчим хүч хэрэгтэй. Ингэж байж эдийн засаг тэлнэ, дагаад өгөөжүүд ч бий болно. Орон нутагт сайн хөтөлбөртэй төрөлжсөн ахлах сургуулиуд зайлшгүй шаардлагатай. Үүнд зарцуулах нь зөв. Иргэдэд тараах популист шийдвэр биш эх орноо боддог урт хугацааны шийдэл байх хэрэгтэй” гэв.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: "Бид ногдол ашгаа яг аваагүй байна. Авахаар яриа хэлэлцээр явж байгаа гэж ойлгосон. Оюу толгойн ордыг ашиглаж олборлосон хэмжээ буураагүй. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр бараг 40 хувиар өссөн. Тэгэхээр тооцоогүй гэнэтийн орлого тухайн компани дээр байгаа учраас бид ногдол ашиг авах нь зүй ёсны асуудал. 

Ногдол ашиг иргэдийн баялгийн сангийн дансанд орсон ч үүнийг бэлэн мөнгөөр авах боломжгүй. Боловсрол, эрүүл мэнд, орон сууцанд зарцуулах боломжтой. Эргээд мөнгө олох дэд бүтцүүдээ хийх хэрэгтэй. 

Иргэд Оюу толгойн шууд хувьцаа эзэмшигч биш. Үүнийг Засгийн газар эзэмшиж байгаа. Тэгэхээр иргэдэд бодитой мэдээлэл өгөхгүй бол хүлээлт үүсгэчихэж байгаа юм. Иргэд бэлэн мөнгө авах юм шиг л ойлгоод байна шүү дээ. Гэтэл гурван зүйлд л зарцуулах боломжтой. Үүнийг албаны хүнээс тодруулах нь зөв байх. 

Шууд бэлэн мөнгө тараавал инфляцыг л өдөөнө. Тиймээс залуучууддаа зориулсан ажлын байр бий болгох, Монголд эргээд мөнгө олж ирэх төслүүдэд л өгмөөр байгаа юм. Нэг удаагийн мөнгийг тараагаад үр дүнгүй явчихаар юунд хүрэх вэ? 

Бодит суурь дэд бүтцүүдийг л дэмжиж ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэж бодож байна" 

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: “Баялгийн сандаа ногдол ашгаа оруулаад хуулийнхаа дагуу ажиллавал хялбар санагдаж байна. Ногдол ашиг хуримтлалын сан руугаа ороод тэндээсээ иргэдийн нэр дээр ирээдүйд байр орон сууц, эрүүл мэнд гээд олон зүйлд зарцуулах боломжтой. 

Дахиад иргэдээс асуугаад янз бүр болох хэрэг байгаа юм болов уу даа. Ногдол ашгийг цуглуулж бүтээн байгуулалт хийнэ гэдэг үлгэр. Хүмүүс үүнд итгэхээ больсон шүү дээ. Нэг хүн гарч ирээд идэж уусан юм болно л гэж бодоод байх шиг байна. Баялгийн сангийн дансандаа авмаар байна"

Сангийн сайд З.Мэндсайхан: "Оюутолгойн ногдол ашгаас иргэд бэлэн мөнгө авах ямар ч боломжгүй. Хуримтлалын сангийн иргэдийн нэр дээрх дансанд хуваарилсан ч хуулиараа 10 жилийн дараа зарцуулах эрхтэй. Тэгэхээр эрчим хүчний салбартаа оруулах нь зөв. 

Бэлэн мөнгө тараавал инфляци яах вэ, ард иргэдийн худалдан авах чадварт яаж сөргөөр нөлөөлөх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Энэ чинь маш эмзэг асуудал шүү дээ" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна