Нийтийн сонсгол ба Ц.Элбэгдорж хүүхэд шарж идсэн гэх “галзуурал”

С.Гандэлгэр
12 минутын өмнө

Шуугиан дэгдэх тусам үнэний дуу бүдгэрч болохгүй. Нийтийн сонсгол бол хэн нэгэн чанга дуугарч, олны анхаарлыг татах тайз, хэрэгсэл, хэрэглүүр биш.

Үүгээр олны анхааралд байгаа зарим асуудал, "хэргийн" нэг талыг барьсан бус олон талт мэдээллийг нийтэд хүргэх зорилготой. Нэг ёсондоо, иргэд Үндсэн хуульд заасан төрийн бодлого шийдвэрт оролцох, хяналт тавих эрхээ эдэлж буй нэг хэлбэр нь нийтийн сонсгол юм.

Нийтийн сонсголоос эцсийн шийд гарахгүй ч иргэд олон талын мэдээллийг углуургаар нь сонсож, дүгнэлт хийх эрхээ эдэлдэг учраас иргэдийн мэдэх эрхийг хангахад гол үүрэгтэй байдаг.  

Гэтэл сүүлийн үед зохион байгуулагдсан зарим сонсголын явц, агуулгаас харахад, санаатай болон санамсаргүй үйлдлүүд ажиглагдах боллоо. Сонсгол анх зарласан асуудлаа тодруулахын төлөө биш зарим оролцогчийн хувийн эрх ашиг, улс төрийн маргаан, дуулиант мэдэгдлийн дунд зорилго нь бүдгэрэх нөхцөл олонтаа тохиолдох болов.  

Баримт нягтлах ёстой газар дуулиан давамгайлж болохгүй. "Хоосон сав дуу ихтэй байдаг" гэдэгтэй зүйрлэмгүй байвч сонсгол зохион байгуулагчид сонсголынхоо чанарт, гол мөн чанарт, нийгэмд өгөх мэдээлэлд анхаарч асуудалд бодитой хандмаар байгааг энд зайлшгүй дурдах ёстой. 

"Нийтийн сонсголын үнэ цэн үнэн худал нь үл мэдэгдэх хагас дутуу мэдээлэлтэй, шуугиан дуулиан тарьсан, хэдэн хүнийг буруутгаснаар хэмжигдэх ёсгүй. Чухам ямар баримт ил болгов, асуудлыг бодитоор тодруулсан уу, хэнд хариуцлага тооцох үндэслэл бүрдэв, цаашид гарах эрсдэлээс сэргийлж чадсан уу гэдгээр хэмжигдэх учиртай.

Харамсалтай нь, сонсголын үеэр үндсэн сэдэвтэй шууд холбоогүй асуудал сөхөх, үнэн мөн нь тодорхойгүй мэдээлэл өгч анхаарлыг өөрт тийш сарниулах, бусдын яриаг таслах зэрэг нь сонсголыг үнэ цэнгүй болгож байна.  

Үүнийг сүүлийн хэдэн сонсголоор асуудал нь хөндөгдсөн улстөрчид овжин ашиглаж, төлөөний хүнээ сонсголд оролцуулж нийтийн сонсголыг самруулж байна гэх хардлага төрүүлж буй.  

Тодруулбал хамгийн сүүлд зохион байгуулагдсан Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсголд оролцогчдын хэлсэн үг анхаарал татаж байгаа юм. 

Жишээлбэл "Ц.Элбэгдорж, Эйштейнтэй нийлээд олон хүүхдийг гадаадад аваачиж шарж идсэн", "Ковид-19-н вакцин тариулснаас болж хүүхдүүд өнчирч байна. Өнчин хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт ашиглаж, кино хийх", Эйпштейн Израйл улсад, газрын гүнд маш нууц газарт амьд байгаа" гэх мэт эрүүл эсэхэд нь ч эргэлзмээр зүйлсийг ээлж дараалан ярьсан байдаг. 

Хэн нэг хүний эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй хэдхэн үгс олон нийтийн анхаарлыг бүхэлд нь эзэлж, шалгах ёстой асуудал орхигдвол нийтийн сонсголын үндсэн зорилго алдагдана гэсэн үг. Мэдээж өнгөрсөн хугацаанд сонсголын үеэр олны анхаарлыг татсан хэсгийг аль нэг талыг баримталсан, зорилготой гэх мэтээр дүгнэж болохгүй ч үүний үр дагаврыг үл тоомсорлож болохгүй. Мөн цөөн хэдэн хүн олон нийтийн сонсголд байнга оролцож, иргэдийг төлөөлж буй нь өөрөө нийтийн эрх ашгийг хувийнхаар хааж байгаа хэрэг юм.

Уг нь хуульд сонсголд оролцогч сонсголын дэг сахих, үнэн зөв мэдүүлэх, бодитой дүгнэлт өгөх үүрэгтэй, бусдыг доромжлох, яриаг нь таслах, зөвшөөрөлгүй үг хэлэх зэрэг зохисгүй үйлдлийг хориглосон байдаг. Түүнчлэн сэдэвт хамааралгүй асуудал хөндсөн, дэг зөрчсөн, сонсголд саад учруулсан тохиолдолд авах арга хэмжээг зохицуулсан байдаг ч хуулийн дагуу нийтийн сонсголыг муухай харагдуулах, зорилгыг нь өөрчлөх үйлдэл гарсаар байгаа юм. 

Тэгвэл Нийтийн сонсголын хуулийг яаж өөрчилж байж асуудал шийдэгдэх вэ?

Үг хэлэх хугацаа, дараалал, асуултын хамаарал, давтан үг хэлэх нөхцөлийг тодорхой болгож, нэг хүн эсвэл нэг бүлэг хэлэлцүүлгийг дангаар давамгайлах эрсдэлийг бууруулах шаардлагатай.

Оролцогч ямар байгууллага, бүлэг, өөрийн ямар ашиг сонирхлыг төлөөлж байгааг шаардлагатай тохиолдолд мэдүүлдэг болох.

Баталгаажаагүй мэдээллийг тогтоосон баримт мэт танилцуулахаас сэргийлэх журам хэрэгтэй.

Мэдээж сонсголыг хэн нэг улстөрч удирдаж байгаа. Тэр ч утгаараа өөрт нь таалагдахгүй зүйл ярьж байгаа нэгнийг дэг зөрчсөн, сэдвээс хазайсан гэх үндэслэлээр өөрт олгогдсон эрхээ давуулж ашиглаж болохгүй. Үүнийг ч мөн адил зохицуулж өгөх ёстой. Хуульд өөрчлөлт оруулсан тохиолдолд иргэдийн дуу хоолойг хязгаарлах бус, сонсголын зорилгыг хамгаалах ёстой гэсэн үг.

Нийтийн сонсгол бол төрийн хариуцлагыг нэмэгдүүлэх ардчилсан механизм. Харин өнгөнд хууртаж, үнэнд бүдрэх ёсгүй. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна