Эрх баригчид Баялгийн сан руу орох 50 их наядыг "дээрэмдэж" “Онтрэ”, “Рио Тинто”-д бэлэглэчихлээ

Х.Батсайхан
1 цаг 13 минутын өмнө

-Зэсийн АМНАТ бууруулах эсэхийг ард түмнээсээ асууж яагаад болсонгүй вэ, Ерөнхий сайд аа-

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсан бөгөөд зэсийн АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр)-ийн өсөн нэмэгдэх (прогрессив) хувь хэмжээг олон улсын жишигт нийцүүлэн бууруулж шинэчлэн тогтоосон юм.

Хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлтөөр (зах зээлийн үнэ 9,000 ам.доллар ба түүнээс дээш байх үеийн) өсөн нэмэгдэх хувийг дараах байдлаар бууруулж өөрчилсөн:

  • Хүдэр (түүхийгээр нь гаргах): Өмнө нь 30 хувь байсныг 15 хувь болгож бууруулсан.
  • Баяжмал (зэсийн баяжмал): Өмнө нь 15 хувь байсан хамгийн дээд өсөн нэмэгдэх хувийг 5 хувь болгож бууруулсан.
  • Эцсийн бүтээгдэхүүн (цэвэршүүлсэн зэс): Өмнө нь 5 хувь байсныг 2.5 хувь болгож тус, тус бууруулсан.

Хууль санаачлагчид зэсийн АМНАТ-ыг бууруулах болсон шалтгаанаа


  • Боловсруулалтын түвшнийг дэмжих: Түүхий хүдэр болон баяжмалын татварыг ялгавартай тогтоож, эцсийн бүтээгдэхүүн (цэвэршүүлсэн зэс) үйлдвэрлэвэл АМНАТ-ийг хамгийн бага буюу 2.5 хувь болгож хөнгөлөх замаар дотоодын баяжуулах, цэвэршүүлэх үйлдвэрлэлийг дэмжих.
  • Гацсан төслүүдийг хөдөлгөх: Зэсийн АМНАТ-ийг ийнхүү олон улсын жишигт нийцүүлэн бууруулснаар Цагаансуварга, Хармагтай зэрэг хайгуул, ТЭЗҮ нь бэлэн болсон боловч татварын дарамтаас үүдэн зогсоод байсан 20 гаруй зэсийн төсөл хөдлөх боломж бүрдэж байна гэж тайлбарласан байдаг.


Гэвч бодит байдал дээр Монгол улсад ашигтай өөрчлөлт болсон эсэх нь эргэлзээтэй байна. Тайлбарлая.

Монголын төр монголчуудын төр л юм бол гурван их наяд төгрөгийн гуравны нэгийг өгнө хуураад 50 их наядыг нь дээрдэж болохгүй

Засгийн газар Оюутолгой төслөөс 2027 оноос эхлэн ногдол ашиг хүртэнэ хэмээн “Рио Тинто”-г шахамдуулж, орж ирэх нь тодорхойгүй гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг төсөв дээр тавин жүжиг тоглож байгаа билээ. Зарцуулалтын төлөвлөгөөнөөс нь л орж ирэх эсэх нь тодорхой харагдах энэ жүжгийг ногдол ашгаа олж ирэх тэмцлийн нэг хэсэг юм гэж бодоод ойлгож болно.

Харин, оронд нь АМНАТ-ыг гурав дахин бууруулж бэлэг барьсныг нь хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй

Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний өмч бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Ард түмэн баялгийн эзэн гэдгийг баталгаажуулдаг зүйл нь АМНАТ буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр юм. Татвар биш ТӨЛБӨР. ААН компани ард түмний өмч болох байгалийн баялгийг ухаж эргэлтэд оруулсныхаа төлөө өмчийн жинхэнэ эзэд болох ард түмэнд борлуулалтын орлогоосоо шууд төлдөг төлбөр. Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг амь оруулж байгаа ганц зүйл нь энэ. Тийм ч учраас Баялгийн санд төвлөрүүлж, иргэдийн нэрийн дансанд хуримтлуулах зэргээр зарцуулахаар хуульчилсан байдаг. 

Гэтэл энэ төлбөрийг гурав дахин бууруулах асуудлыг Засгийн газар оруулж ирээд, ард түмний төлөөлөл болсон УИХ нь баталчихлаа.

Өсөн нэмэгдэх АМНАТ-ын бууралтыг “ОНТРЭ” ХХК-ийн эзэмшиж буй “Жавхлант”, “Шивээ толгой” тусгай зөвшөөрөл бүхий талбайд ногдох 10.3 сая тонн зэсээр тооцож үзэхэд багадаа 14 тэрум ам.доллар болж байна. Өөрөөр хэлбэл, Баялгийн санд орох ёстой энэ хэмжээний мөнгийг “ОНТРЭ” болон тус ордоос гарах баялгийн тодорхой хувийг авах “Рио Тинто”-д "бэлэглэжээ". Монгол мөнгөөр тооцвол энэ нь бараг 50 их наяд төгрөг болж байна. 

Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газар ард түмнийг гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авна гэж сатууруулаад ар хударгаар нь Баялгийн санг 14 тэрбум ам.доллар буюу 50 их наяд төгрөгөөр хоослох үр дагавартай буюу "хулгай хийх" гэж хэлсэн ч болох хуулийг баасан гарагт баталсан байна. Тиймээс энэ хуулийг нэн даруй буцаах ёстой. 

Н.Учралын Засгийн газар саяхан “Оюутолгойгоос ногдол ашиг авах нь зөв үү” гэж санал асуулга эхлүүлсэн. Тэрний оронд “Зэсийн АМНАТ-ыг бууруулах уу яах вэ” гэж асуух ёстой байсан юм. Одоо ч оройтоогүй байна.









Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна