“Онтрэ” ХХК-ийн толгой компани УИХ дээр яригдсан асуудлуудад хариулт өгчээ

Х.Батсайхан
Өчигдөр 09 цаг 44 минут

Оюутолгой төслийн талбайг тойрсон Шивээ толгой, Жавхлант тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Entrée Resources” компани Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан дээр яригдсан асуудлуудад хариулт өгчээ.

Компанийн албан ёсны цахим хуудаст нийтлэгдсэн энэхүү хариу мэдээлэлд юу бичгдсэнийг уншигчдадаа хүргэж байна.

“Доорх хариултууд нь Шивээ Толгой (MV-015226A) болон Жавхлант (MV-105225A) уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг (“Тусгай зөвшөөрлүүд”) компанийн хамтарсан үйлдвэрийн түнш болох “Оюу Толгой” ХХК-д (“ОТ ХХК”) шилжүүлэх ажлын явцын талаар компанийн гүйцэтгэх захирал Крис Адамсын мэдэгдэл, түүэтэй холбоотойгоор Монголын УИХ дээр яригдсан асуудлуудтай холбоотой юм.

Хариулт 1. Тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэх ажлыг хуулийн дагуу явуулж байна

Компани нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл шилжүүлэх үйл явцыг урагшлуулах арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлсээр байна. Үүний зэрэгцээ, Тусгай зөвшөөрлүүдийн талбайд төрийн оролцоог хангах асуудлаар Засгийн газрын ажлын хэсэг болон Оюу Толгой төслийн талуудтай хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд ингэснээр, тохиролцоонд хүрсэн даруйд Тусгай зөвшөөрлүүдийг ямар нэгэн сааталгүйгээр шилжүүлэх боломж бүрдэх юм.

Шивээ Толгой уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд “1-р үе шат” (Lift 1)-ын гүний уурхайн бүтээн байгуулалт, олборлолтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд дээрх Тусгай зөвшөөрлүүдийг “Оюу Толгой” ХХК-д шилжүүлэх шаардлагатай.

Хариулт 2. Тусгай зөвшөөрөл шилжүүлэх татварын хэмжээг Монголын татварын алба биш, тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө тогтоодог

Компанийн өмнө нь мэдээлснээр, Тусгай зөвшөөрлүүдийн үнэлгээнд үндэслэн тооцогдох шилжүүлгийн татварыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу төлөх ёстой. Уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээг тогтоосон аргачлалын дагуу тооцох үүрэг нь Монгол Улсын татварын албанд бус, харин тусгай зөвшөөрөл эзэмшигчид ногддог. Үүний дараа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хийсэн үнэлгээний тооцооллыг хянуулж, баталгаажуулах хүсэлтийг Монгол Улсын татварын албанд гаргадаг. Entrée LLC нь OT LLC болон тус тусын хууль эрх зүй, татварын зөвлөхүүдийнхээ дэмжлэгтэйгээр тусгай зөвшөөрлүүдийн үнэлгээг тооцоолж, холбогдох шилжүүлгийн татварыг Ашигт малтмалын газар (АМГ)-т төлсөн байна. Мөн холбогдох аргачлал, журам, хууль тогтоомжийн дагуу уг үнэлгээний тооцооллыг хянаж, баталгаажуулах хүсэлтийг АМГ-т хүргүүлжээ. Үүнтэй холбогдуулан шилжүүлгийн татвар төлсөн баримт зэрэг нотлох баримт бичиг, материалыг ч мөн АМГ-т өгсөн байна.

Хариулт 3. АМГ тусгай зөвшөөрөл шилжилтийн үнэлгээний тооцооллыг баталгаажуулаагүй байна

Одоогоор АМГ нь Entrée LLC-ийн хийсэн үнэлгээний тооцооллыг баталгаажуулаагүй байна. АМГ-аас Entrée LLC-д мэдэгдсэнээр, ирүүлсэн баримт бичиг, материалууд нь дутуу, бүрэн бус гэж үзэж байгаа тул татвар төлсөн тухай тодорхойлолтыг гаргаж өгөх боломжгүй гэсэн”.

Ийм мэдээллийг “Онтрэ” ХХК-ийн толгой компани болох “Entrée Resources” бичиж, албан ёсны цахим хуудастаа байршуулжээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна