Г.Занданшатар: Шинэчлэлийг нам өөрөөсөө эхлэх ёстой

Zuv.mn
1 цаг 22 минутын өмнө

Ерөнхий сайд асан Г.Занданшатар МАН-ын дарга Н.Учралд Реформ клуб, Нэг Монгол хөдөлгөөний хэлэлцүүлгээс гаргасан МАН-д шинэлэлийг эхлүүлэх тухай ил захидлыг  дарга Н.Учралд өгчээ.

Тэрбээр энэ талаараа “Уг нь би шатар тоглож, улсынхаа нэрийг гаргаад, улс төрөөс хөндийрөөд явж байлаа. Зургаан сарын хугацаанд ард иргэдийнхээ дунд ороод, шатрыг хөгжүүлэх ажил хийж явсан. Иргэдтэйгээ уулзаад, улс төрийн сүүлийн үеийн нөхцөл байдлыг хараад байхад энэ байдлыг өөрчлөхгүй бол болохгүй байна. Хүн болгон ярьж байна. АХрд түмний хүсэн хүлээж байгаа өөрчлөлт, шинэлэлтийг бодитой хэрэгжүүлэхгүй бол болохгүй байна. Тиймээс намын гишүүн болон нам бус хэсэг залуус нэгдэж “Реформ” клубыг байгуулсан.

100 гаруй залуус нэгдээд улстөрчид нь авлигалд живсэн, ард иргэд нь итгэхээ больчихсон, хэвлэл мэдээлэл нь ч яачихсан юм бэ, энэ байдлыг өөрчлөхгүй бол ерөөсөө болохгүй юм байна гээд намайг илтгэгчээр урьсан. Би илтгэгчээр оролцсон.

Дараа нь нэг монгол хөдөлгөөний гурван үеийн төлөөлөл 1000 гаруй хүн цуглаж, дээр дурдсан асуудлуудыг хэлэлцээд намайг бас энэ зөвлөлдөх ардчилал, үзэл санааныхаа талаар ярилцаач гэж урьсан. Би санаагаа танилцуулсан. Үнэхээр Монгол Улс өнөөдөр болохгүй байна. Ард иргэдийн аж амьдрал ч, авлига хээл хахуулийн нөхцөл байдал ч үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшинд хүрээд байна. “Энэ янзаараа Монгол Улс цаашаа оршин тогтнох юм уу” гэдэг асуудлыг ч хүмүүс ярьж байна.

Өчигдөр, Монгол Улс тусгаар тогтнох эсэх санал асуулга явуулсан түүхэн өдөр бас залуус цуглаж ярилцлаа. Ингээд МАН-ын дарга Н.Учралд Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубын шинэчлэлийн үзэл санаагаа танилцууллаа. Ил захидлаа гардуулж өглөө.

Би ажлаа өгөхдөө төрийн ажлн залгамж чанарыг бодож, төрийн ажил саадгүй явахаар өгсөн. Гэхдээ хулгай, худалтай эвлэрэхгүй гэж хэлсэн. Тиймээс өөрөөсөө эхлүүлье гэж энэ захидлыг өгч байгаа юм. Өөрсдөөсөө эхэлье, өөрчлөлт хийе. Би энэ улс төрийн системд бас олон жил ажилласан. Үндсэн хууль, бусад хуульд нээлттэй сонсголоос эхлүүлээд олон өөрчлөлтийг хийсэн. Би өөрөө ч алдаагаа хүлээн зөвшөөрнө.

Намын нэр барьсан хэсэг этгээдүүд бүлэглэл үүсгэж, зохион байгуулалттайгаар хүн гүтгэж, хэвлэл мэдээллээс авахуулаад бүхий л салбарт хорт үр тарьж байна. Үүнтэй эвлэрэхгүй. Энэ бүхнийг өөрчлөх эх үндэс нь нам өөрөө шинэчлэгдэх явдал. Шинэчлэлийг хийх ёстой” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна