Хиймэл оюун ухаан ашигласан хуурамч мэдээлэл улс төрийн сонгуульд ашиглагдах өндөр магадлалтай

Zuv.mn
1 цаг 36 минутын өмнө

-Сэтгүүлзүй, мэдээллийн экосистемийг Deepfakes сүйтгэх үү-

10 жилийн өмнө байнгын редакц, мэргэжлийн сэтгүүлчдийн багтай хэвлэл мэдээллийн байгууллагын дурын удирдагчаас “Сэтгүүлзүй, хэвлэл, мэдээллийн зах зээлийн эмх замбарааг алдуулагч, мэдээллийн редакцуудын дургүйцлийг хамгийн ихээр хүргэдэг, №1 дайсан чинь юу вэ” гэдэг асуухад бараг бүгд “Паразит сайтууд” гэж хариулдаг байлаа. Одоо ч 10 хүний тал нь энэ хариултыг өгнө гэдэгт итгэлтэй байна. Харин үлдсэн тав нь цаг үеэ дагаад нийгмийн сүлжээ, хуурамч мэдээлэл, Deep Fakes буюу өндөр технологи хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн хуурамч мэдээллийг нэрлэх болов уу. ВВС, “Ройтерс”, “Франс Пресс” зэрэг мэдээллийн аваргууд сүүлийн үед энэ асуудалд анхаарлаа маш ихээр хандуулж буй. Бид та бүхэндээ энэ удаа хэвлэл мэдээллийн салбарын ирээдүйд нөлөөлнө гэгдээд буй энэ технологийг тойрсон сүүлийн үеийн мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Редакциуд бэлтгэлтэй байх ёстой

Хиймэл оюун ухаан хэмээх  шинэ технологи хуурамч мэдээ үйлдвэрлэгчдийн гарт хүчирхэг зэвсэг болон очиж байгаа талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэдхэн жилийн өмнө түгшин бичиж байсан. Тэгвэл одоо болзошгүй “Дайн” аль хэдийнэ эхэлжээ. Мэдээллийн том агентлагууд видео контентын хэлтсээ хүчирхэгжүүлэх замаар “Deep Fakes” технологитой тэмцэх бэлтгэлээ хангаж байна. Том редакцууд хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийн сүүлийн үеийн ололтыг таницуулдаг үзэсгэлэнгүүдэд боловсон хүчнээ илгээхийн зэрэгцээ боломжтой нэг нь хуурамч мэдээллийг илрүүлэх программ хангамжийг хөгжүүлж байгаа юм.

Хэвлэл мэдээллийн салбарынхны үзэж байгаагаар, видео бичлэгийг засаж янзалж байгаа нь гол асуудал биш гэнэ. Тийм боломж өмнө нь ч байсан. Гагцхүү маш олон техник хэрэгсэл, видео редакторуудын арми хэрэгтэй болдог байв. Харин өдгөө Хуурамч баримт хийх арга хурдацтай хялбарчлагдаж, хүн бүр гар утсандаа суулгах хэмжээнд хүрэхээр тэмүүлж байгаа нь гол асуудал ажээ.

Редакциудад сүүлийн үед иргэдээс хуурамч буюу албаныханы чадварыг сорьсон бичлэг, гэрэл зураг илгээх явдал эрс нэмэгджээ. Тиймээс хүссэн хүсээгүй урагш ахих шаардлага тулгарсан гэнэ. Видео бичлэгийг үнэн бодит эсэхийг шалгадаг тогтолцоог шинэчлэн боловсруулж байгаа аж. Энэ бол “Ройтерс”-ын зиндааны гэлгүй бүх л редакцийн хувьд чухал гэдэг нь ойлгомжтой юм.  

“Deep fakes” улс төрийн суртал ухуулгад ашиглагдах өндөр магадлалтай

Хуурамч мэдээлэл, түүнийг улс төрд ашигласнаас үүдэлтэй гарах дуулиан шуугиан, улс төрийн хямралд ч хүргэх боломжтой хорт үр дагавар ирэх жилүүдийн гол онцлог байж мэдэх нь.

Хуурамч мэдээлэл бүтээгчид гол дүрээрээ улстөрчдийг сонгосноор олон улс оронд үнэн худал нь эс мэдэгдэх дуулиан шуугиан дэгдэж, улс төрийн хямрал ч үүсэх магадлал ч өндөр байгаа гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Магадгүй, ийм аюултай технологийг хөгжүүлэгчдэд мөнгө цутгаад байгаа цаад эзэд нь улс төрчид өөрсдөө ч байж мэднэ гэвэл эсэргүүцэх хүн олон гарахгүй болов уу.    

Энэ онд болох сонгуулиудын үеэр “Deep fakes” ашиглан улс төрийн нөхцөл байдлыг өөрчлөх оролдлогууд олонтаа гарах магадлалтай хэмээн “Nesta” судалгааны байгууллага таамаглаж байсан удаатай.  Сонгуулийн үед улстөрчдөөр хэлээгүй үгийг нь хэлүүлж, хийгээгүй үйлдлийг нь хийлгэж, гэмт хэрэгт гүжирдэж, улс хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлөх хуурамч мэдээллүүд ч цацагдах магадлал өндөр байгааг өөр бусад эх сурвалжууд ч урьдчилан анхааруулсаар байна.    

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна