О.Цогтгэрэл: Иргэндээ итгэж, иргэнээ хөрөнгөтөн болгосон улс л хөгждөг юм

Х.Есү
1 цаг 21 минутын өмнө

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлээд байсан Н.Алтанхуяг нарт холбогдох хөгжлийн банкны хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзжээ. Үүнтэй холбоотой асуудлаар болон Оюутолгойн ногдол ашиг, Улсын төсөвтэй холбоотой асуудлаар Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлтэй ярилцлаа.

-УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарын хөгжлийн банкинд холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзсан. Тэгэхээр энэ асуудал дээр АН ямар байр суурьтай байна вэ?

-Шүүхийн шийдвэрийн агуулгыг харахд Н.Алтанхуяг нарын хүмүүсийн асуудлыг анхан шатны шүүхээр дахиж шүүнэ гэж байна гэж ойлгосон. Гурван удаа цагаадсан хүн дөрөв дэх удаагаа очиж байна. Дөрөв дэх жилдээ шүүж байна. Энэ нөхцөл байдлыг харахад Монгол Улсад шударгаар шүүлгэх үйл явц өрнөж байна уу үгүй юу гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Бид үүн дээр анхаарч ажиллах ёстой гэж бодож байна.

Эрх баригчдын зүгээс сурсан дадсан мэхүүтэй. Өрсөлдөгчдөө нөлөөлдөг үүндээ хууль хүчний байгууллагыг ашигладаг. Ардчилсан намаас Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Ганбат нар Ерөнхийлөгчид дэвших саналаа илэрхийлсэн. Ардчилсан нам өөрийнхөө боломжит нэр дэвшигчдээ зарласан. Бид тууштай хатуу байр суурьтайгаар асуудалд оролцох бүрэн дүүрэн боломжтой. Бидэнд дотоод хагарал байхгүй. Өмнөх шиг хуваадаг, тамга тэмдгийн маргаан гаргадаг үйл явдал цэглэгдсэн гэж үзэж байгаа.

-Нөмрөгийн Дархан цаазат газар хувийн хэвшлийнхэн нэвтэрснээс болж гал түймэр гарсан. Үүн дээр та хувь гишүүний зүгээс ямар байр суурьтай байна вэ?

-Бид мэдээллийг аваад явж байна. 400.000 га гэдэг чинь асар том газар. Байгаль орчны хохирол, ан амьтан гээд олон зүйл дээр харамсмаар үйл явдал болж байна. Энэ хохирол үнэлгээг олон улсын хараат бус мэргэжлийн байгууллагаар бодитой гаргуулах ёстой. Мөн үүн дээр үндэслэн хариуцлагын асуудлыг ярих хэрэгтэй. Хил дээр байсан хэдэн офицер ахлагч нарт хариуцлага тооцоод асуудлыг унтраах гэж байгаа бол энэ хариуцлага тооцож байгаа асуудал биш. Хилийн цэрэг дээр бугшсан олон асуудал байгаа нь мэдрэгдэж байна.

-Засгийн газар Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлыг эгүүлэн татсан. Үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Иргэнээ өмчтэй, хувьцаатай болгох ёстой. Хувьцаатай иргэн хуулиараа жил бүхэн ногдол ашгаа авна. Олон улсын жишиг байр суурь нь ч иймэрхүү байдаг. Энэ бол хамгийн сайн шийдэл. 2027, 2028 онд дахиад хувьцаа тараах уу яах уу гээд яриад суух юм уу. Тэр улстөрчийн үзэмжээс хамаарах юм уу. Тогтолцооныхоо хувьд энэ асуудлыг хуулиараа л шийдэх ёстой.

Иргэндээ итгэж, иргэндээ эрх мэдлийг нь шилжүүлж, иргэнээ хөрөнгөтөн болгосон улс орон хөгждөг болохоос биш дарга нар, зөв төр зөв гээд төрд асуудлыг төвлөрүүлж байгаад шийдэх ёстой гэдэг бодлого буруу.

-Оюутолгойн 2 их наяд төгрөгтөө найдаад төсвөө тэлчихсэн. Урсгал зардал маш их нэмэгдсэн. Цааш цаашдаа ч ийм бодлого бариад явах нөхцөл харагдаж байна?

-Анхнаасаа дампуу төсөв өргөн барьчихсан. Энэ байдлаараа энэ улс орон дефолт зарлах вий. Олсон жоохон мөнгөө урсгал зардалдаа хэрэглэчихдэг улс орон болж хувирч байна. Ирээдүйд олох орлогын тухай яриа байхгүй. Ийм л байна. Үнэхээр харамсалтай төсөв анхнаасаа өргөн баригдсан. Одоо муу зүг рүүгээ явж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна