Ойрхи Дорнодод явуулж буй цэргийн ажиллагаа, Украины хямралтай холбоотойгоор АНУ, ОХУ-ын харилцаа хүйтэрсэн. Улмаар өнгөрсөн онд явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд ОХУ- ын талаас нөлөөлсөн гэх мэдээллийг АНУ-ын Тагнуулын төв газраас мэдээлсний дараа Барак Обама нэр бүхий дипломатуудыг эх орон руу нь буцаах шийдвэр гаргасан юм.
Гэвч ирэх долоо хоногт тангаргаа өргөх 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн үр дүнд ОХУ нөлөөлөөгүй хэмээж, АНУ-ын хамгийн хүчирхэг хүн болсныхоо дараа В.Путинтай ойртож, Ойрхи Дорнод дахь цэргийн ажиллагаанд ч хамтран ажиллахаа мэдэгдсэнээр хоёр улсын харилцаа ирээдүйд сайжрах төлөвтэй байгаа.
Түүнчлэн, үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан эр өөрийн кабинетынхаа хамгийн чухал албан тушаал буюу Төрийн нарийн бичгийн даргын суудалд ч ОХУ-тай ойр харилцаатай гэгддэг “Exxon Mobil” компанийн гүйцэтгэх захирал Рекс Тиллерсоныг нэрлэсэн билээ. Тэгвэл саяхан ОХУ АНУ-ын Ерөнхийлөгчийн маш нууц бичлэгийг гартаа оруулсан гэх мэдээлэл цацагдаж эхлэв.
Оросын нэгэн тагнуул Доналд Трампын шударга бус үйлдэл, маш нууц хувийн чанартай болон санхүүгийн баримтыг гартаа оруулж авсан гэдгээ мэдэгдсэн байх юм. АНУ- ын Тагнуулын төв газраас ч уг явдлын талаар Трампад өөрт нь мэдэгдсэн аж. Харин тэрбумтан эр мэдээллийг хармагцаа “Хуурамч мэдээлэл байна” хэмээн эрс үгүйсгэсэн байна.
Тодруулбал, энэ сарын 6-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр явуулсан Оросын хакеруудын цахим дайралттай холбоотой баримтыг Тагнуулын төв газраас Доналд Трампад танилцуулсан. Тухайн үед шинэ Ерөнхийлөгчтэй холбоотой хоёр ч хуудас материал байсан гэнэ.
Гэхдээ албаныхан улсын Ерөнхийлөгчийн нэр хүндтэй холбоотой учраас тус нууц мэдээллийн талаар дэлгэрэнгүй дамжуулаагүй. Гэхдээ Си Эн Эн агентлаг Их Британид төвтэй MI6 гэх байгууллагын тагнуулчаар ажиллаж байсан нэгэн эрхмийн нэгтгэсэн мэдээлэлд үндэслэн Д.Трампын хувийн нууц мэдээллийг ОХУ гартаа оруулсан талаар дамжуулсан байх юм.
Нэрээ нууцалсан тэрхүү тагнуулч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн өрсөлдөгчдийн судалгааг өнгөрсөн жилийн зургаадугаар сар хүртэл явуулсан аж. Ингэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Трампын тал болон ОХУ-ын Засгийн газар хооронд тогтмол мэдээлэл солилцоо явагдаж байсан гэнэ.
Харин Си Эн Эн агентлаг уг асуудлыг хөндсөний дараа Доналд Трамп ч няцаалт хийсэн. Тэрбээр өөрийн твиттер хуудастаа “Худал мэдээлэл” хэмээн үгүйсгэсэн юм. Нөгөөтэйгүүр, АНУ-ын “Buzzfeed” гэх мэдээллийн сайтад үнэн эсэх нь тодорхойгүй баримт дүгнэлт бүхий 35 хуудас тэмдэглэл нийтлэгдсэн байв.
Түүнд Доналд Трамп 2013 онд ОХУ-ын нийслэл Москва хотод байрлах зочид буудалд хоноглох үедээ биеэ үнэлэгч худалдан авч, түүнтэйгээ дотно харилцаанд орж буйг нь бичсэн секс бичлэг ОХУ-ын гарт байгаа талаар дурьдсан байжээ. Чухам эл бичлэгийг л Орос Трампыг өөрсдийн талд эргүүлэхдээ ашигласан байх магадлалтай тухай мөн дурьдсан байсан аж.
Түүнчлэн, Оросын эрх баригчид Доналд Трампын бодлого, үйл хэрэгт нөлөөтэй оролцсоны зэрэгцээ их хэмжээний мөнгөн шилжүүлэг хийх гэрээ ч хийгдсэн гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл энэ мэдээлэл цацагдаж эхэлсний дараа Доналд Трамп хэвлэлийн хурал хийсэн. Энэ үеэр анх удаагаа ОХУ-ын Засгийн газар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд саад хийхийг оролдсоныг хүлээн зөвшөөрсөн байгаа юм.
Гэхдээ түүнтэй холбоотой нууц мэдээлэл Оросын гарт байгаа гэх асуудалд “Худал” гэх тайлбарыг өгчээ. Түүнчлэн, buzzfeed сайтад тавигдсан 35 хуудас бүхий мэдээлэл болоод CNN агентлагийн мэдээллийг “Хуурамч, урьдаас бэлдсэн худал гүтгэлэг” хэмээн уурсчээ.
Эх сурвалж:Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл бичигдээгүй байна