УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Донорын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн.
Сүүлийн гурван жилд 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр гадаад улс руу явсан байх бөгөөд зөвхөн эмчилгээний зардалд 50.000-250.000 ам доллар, бөөр шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээний зардалд 50.000-110.000 ам доллар зарцуулж байгаа нь эмчлүүлэгч болон тэдний ар гэрт санхүүгийн болон сэтгэл санааны дарамт, чирэгдэл учирч их хэмжээний мөнгө гадагшаа урсан гарч байна гэж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг онцоллоо.
Донорын тухай хуулиар гамшиг, онцгой байдлын үөийн цусны нөөцийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа боловч цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийн орлох бэлдмэлийн нөөцийн нөхөн хангалт, нөөцийн хяналтын зохицуулалт, цусны донор элсүүлэх, алдаршуулах, урамшуулахтай холбоотой зохицуулалт тусгагдаагүй байна.
Иймээс иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг багасгах, донорын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, донороос өвчтөнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах, хүйн цусны донорын банк болон цусны үүдэл эсийн банк байгуулах, цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлийн нөөцийн нөхөн хангалт, нөөцийн хяналтын зохицуулалт, цусны донор элсүүлэх, алдаршуулах, урамшуулахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулахаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Энэ хуулийн төслийг пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна