1980 оны зургадугаар сард Канадын нутаг дэвгэрээр нэг хөл нь протезтэй, өмссөн богино өмд нь цус болсон нэгэн эр гүйж явав. Энэ хүнийг Фокс гэдэг. 1957 онд Канадад төрсөн, 1977 онд ясны хорт хавдраар өвчилсөн тул баруун хөлийг нь өвдөгнөөсөө дээгүүр тайруулсан. 1980 онд тэрбээр өөрийн эх орноо нэг захаас нь нөгөө захийг нь хүртэл хөндлөн гулд буюу Атлантийн далайгаас Номхон далайн Ванкувер хот хүртэлхи алс холын замыг гүйж туулах эр зориг гарган хавдрын өвчнийг судлах үйлст хандив цуглуулах зорилго өвөрлөн "ИТГЭЛ – НАЙДВАР" холын зайн олон өдрийн гүйлтийг санаачлан 1980 оны дөрвөн сараас эхлэн нийт 143 хоног өөрийн амь биеэ зориулан эцсийн мөч хүртлээ гүйсэн юм.
Холын зайн олон өдрийн гүйлтэнд эрүүл саруул хүн ч гүйж туулах хэцүү тул нөр их хөдөлмөр, тэвчээр, зориг гарган өдөр бүр уйгагүй хичээллэн биеэ бэлджээ. Атлантын далайн усанд хөлөө норгон ёслол үйлдээд 1980 оны 4- р сарын 12нд холын зайн гүйлтийн гараагаа эхэлж Номхон далайн Ванкувер хотод бариагаа хийнэ хэмээн хэлсэн байдаг. Тэрбээр Канадын иргэн бүрээс 1 доллар хандивт цуглуулан хорт хавдар судлах үйлст зориулна хэмээн төлөвлөсөн байлаа.
Терри Фокс өдөрт ойролцоогоор 42 км гүйж байлаа. Тэрбээр хэдийгээр өвчин нь сэдэрч, протезтой хөл нь нухаж үрэвсэж өвтгөж байсан ч хорт хавдартай сая сая хүний өвчнийг хөнгөлөх, тэдэнд туслах хүсэл, асар их сэтгэлийн тэнхээ нь түүнийг урагш нь хөдөлгөж байлаа. Гэвч түүний хавдар нь уушиг руу нь үсэрхийлэн 1980 оны 9 – р сард гүйлтээ зогсоохоос өөр аргагүй байдалд хүрчээ. Тэр 143 өдөр, 5373 км замыг амжилттай туулан Канадын Онтарио мужид гүйлтээ зогсоосон байдаг. Өөрийн орны олон муж, хотуудыг дамжин гүйж асар их тэвчээр гаргасан тэр орь залуу насандаа буюу 23 хүрч амжилгүй насан эцэс болжээ.
1981 оны хоёрдугаар сар гэхэд ойролцоогоор 24 сая долларын хуримтлал бий болсон бөгөөд хамгын гол нь олон нийт, нийгмийн анхаарлыг хорт хавдрын өвчлөлд хандуулж чадсан явдал юм. Канадад болон дэлхийн 50 гаруй улсад Терри Фоксын нэрэмжит гүйлтийн тэмцээн зохиогдон хавдар судлалын үйлсд сан үүсгэн хандив өргөдөг уламжлал бий болсон. Терри Фокс нь – Дэлхий дээрхи ганц хүний санаачилсан хамгийн том хандив цуглуулах үйл ажиллагаа хэмээн дэлхийн амжилтын Гиннес номонд үйлс нь мөнхөрсөн юм. 25 жилийн дараа ТЕРРИ ФОКС сан нь өргөжин тэлж хуримтлал 360 сая долларт хүрсэн бөгөөд энэрэнгүй сэтгэлт Терри Фоксийн эхлүүлсэн хүчин зүтгэл талаар өнгөрөлгүй олон мянган хүнд тусаа үзүүлсээр байгаа билээ.
Канадын засгийн газар мөс зүсэгч хөлөг онгоцоо Терри Фокс хэмээн нэрлэж алдрыг нь мөнхөлжээ.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна