Samsung компаниас Note 7 гар утас дэлбэрсэн шалтгааныг тайлбарлав

2017/01/23
Өнгөрсөн онд гарсан даруйдаа худалдан авалтаараа тэргүүлж байсан утас Samsung Galaxy Note 7 дэлбэрсэн хэд хэдэн тохиолдол гарсан нь гар утасны техник хангамж болон програм хангамжтай огт хамаагүй, харин эвдрэлтэй баттерейнаас үүдсэн гэж “Samsung Electronics” мэдэгдлээ.Тус компанийн удирдлах алба өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, Note 7 утас дэлбэрсэн шалтгааныг олон нийтэд албан ёсоор тайлбарлав.

Шалтгааныг тодорхойлохоор “Samsung”-ийн 700 гаруй судалгааны ажилтан, инженер 200 мянган ширхэг ухаалаг утас, 30 мянган ширхэг баттерейнд туршилт хийж, нарийвчлан шалгажээ. Samsung компаний удирдлагууд хэлэхдээ “Манай компанийн өөрсдийн явуулсан шалгалт, мөрдөлтөөс гадна хөндлөнгийн гурван байгууллагын шинжээчдийн дүгнэлтээр Note 7 ухаалаг утасны шатаж, дэлбэрсэн шалтгаан нь баттерейтай холбоотой болохыг тогтоолоо” гэв.

“Samsung”-ийн смартфоны салбар хариуцсан захирал Ко Дун-жин Note 7 утсыг зах зээлээс эргүүлэн татах хэмжээнд асуудал гарсанд дахин уучлал хүсч, нийтийн хэрэглэгчдийн итгэлийг дахин олж авахын тулд хичээж ажиллахаа илэрхийлсэн байна. Аюулгүй байдлын улмаас “Samsung” өнгөрсөн оны наймдугаар сард Note 7 смартфоны үйлдвэрлэлийг бүрмөсөн зогсоож, хэдэн сая смартфоныг зах зээлээс эргүүлэн татсан билээ.  Улмаар тус компани 5,3 тэрбум ам.долларын хохирол амссан байна.

Note 7 смартфон шатаж, дэлбэрсэн анхны тохиолдол 2016 оны наймдугаар сард гарсан юм. Агаарын тээвэр, нисэх хүчний компаниуд онгоцонд ижил төрлийн смартфон хэрэглэх, цэнэглэхийг бүрмөсөн хориглож байв.

А.Сугар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна