Одоо биш бол хэзээ гэж...

2017/01/25
Ардчилсан нам шинэчлэгдэх, эс шинэчлэгдэхийн гараан дээрээ байгаа. Ардчилсан нам амь нэгтэй, монгол төрийн тулгуур нам болох ёстой, туулж өнгөрснөөсөө туршлагажиж явах ёстой. Энэ намын шинэчлэлийн тухай асуудал хэзээнээс яригдсан. Гэхдээ одоо ч гэсэн “яг хэзээ вэ” гэдэг асуултын хариуг хэн ч олоогүй явна. “Одоо”, “Яг одоо”-ноос шинэчлэгдэх түүхэн цаг үе дээрээ энэ намынхан тулж ирсэн байна. Хуанлийн хуудас нэгдүгээр сарын 28-ны өдөр рүү эргэсээр. Ардчилсан намын даргад ямар хүн тохирох вэ гэдэг үнэлэмжийг АН-ын даргад нэр дэвшсэн таван хүнээс хайх оролдлого үргэлжилсээр. Шулуухан хэлэхэд намын даргын сунгаанд нэр дэвшсэн таван хүнээс Д.Эрдэнэбат биш бол хэн гэж гээд асуучихмаар байгаа юм. Үнэхээр өөр хэн байна гэж. Аливаа асуудалд барьц алдахгүй ноён нуруутай ханддаг, асуултын тэмдэг шиг олон асуудлаас гарах гарц шийдэл олдог, бүлэг фракцийн ашиг сонирхлоос илүү намын эрх ашгаа дээгүүрт тавьж чаддаг, намын эрх ашгийнхаа дээр улс Монголынхоо ирээдүйг эрэмбэлж чаддаг Д.Эрдэнэбат Ардчилсан намын тулах цэг нь болчихсон гэхэд хилсдэхгүй. АН-ын туулж өнгөрүүлсэн бартаатай замын өргөс бүхнийг түүчих “хоншоор”-той нэр дэвшигч Д.Эрдэнэбатаас өөр алга. Өргөс бүхнээ бусад руу шиддэг бусармаг байдлыг тэр зогсоох учиртай.

Жаран тохой өндөр Мэгжиджанрайсаг бурханд мөргөж “Ардчилсан намын даргад энэ хүнийг маань дэмжиж өгөөч” гэхийн оронд нэр дэвшигчдийнхээ туулсан зам, хийсэн ажлынх нь үр дүнг нь чухалчилмаар байна. Ардчилсан намын даргын сунгаа эхэлснээс хойш нэр дэвшигчид биенээ муулж, бие бие рүүгээ харвасан сум сүүлдээ “ташуур” болон хувирч байна. Олзуурхууштай нь Д.Эрдэнэбат хэнийг ч муулсангүй. Д.Эрдэнэбатыг бусад нэр дэвшигчид нь баалсангүй. Угтаа АН-ын даргад нэр дэвшигчид олзлолдон тэмцэлдэж байхаар нэг баг болж, З.Энхболд даргынхаа өгсөн сумыг хугалчихалгүй явах ёстой юм. Таван нэр дэвшигчээс Д.Эрдэнэбат л ганцаараа сумаа хадгалж явна. Багцалсан сум нь 2020 онд АН-ыг ялалтад чиглүүлэх сум гэдгийг тэр маш сайн мэднэ. УИХ-ын сонгуульд АН ялагдал хүлээсний дараа АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчийн хувиар орон нутгийн сонгуульд намынхандаа итгэл, урам зориг, эрч хүч, ялалтын буухиаг үргэлжлүүлэх найдварын очийг тэр бадрааж чадсан гэдгийг бардам хэлэхийг хүснэ.

Улс төр бол ухаан шаардсан шатрын өрөг. Бүгд ноён болох хүсэлдээ автан мугуйдаж байхад Д.Эрдэнэбат өргийнхөө 64 нүүдлийг харчихсан сууж байх жишээтэй. Тэр “Ноён” группийн ерөнхийлөгч байсан хэдий ч өөрөө хэзээ ч ноён байхыг хүсээгүй. Дэргэдэх хүүгээ бэрс гаргах гэж бодлого бодож суудагарын албаны хүн. Өөрийгөө ч бас энэ утгаараа илэрхийлсэн байна лээ. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Ардчилсан намаас Д.Эрдэнэбат л нэг тулхтай хүн юм даа” гээд ярьдаг нь оргүй үг биш ээ. Нэг зүйлийг онцолж хэлэхэд тэр хэзээ ч хувийн амбицаа хөөж явсангүй. Үгүйсгэл дээр суурилсан шинэчлэлийг тэр хүлээн зөвшөөрдөггүй. Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн давхцлыг олж харснаараа тэр бусдаасаа ямагт түрүүнд алхдаг. Нурууны хувьд ч, бодлогын хувьд ч тохой илүү өндөр юм аа. Ардчилсан нам удирдагчаар ундаассан гэж ярьдаг. Энэ намаас лидерүүд төрөн гарсан байдаг. Төрөн гарсаар байгаа. Цаашид ч төрөн гарна. Цаг үе нь удирдагчаа угтдаг юм. Тэр ирсэн байна. Ардчилсан нам шинэчлэгдэх цаг үе нь одоо биш хэзээ гэж, тэр шинэчлэлийг эхлүүлэх эр зоригтой, ноён нуруутай, алсын хараатай, амьдралын туршлагатай Дондогдоржийн Эрдэнэбатаас өөр хэн гэж...

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна