Э.Чулуунчимэг, Б.Болд нарын хамтын амьдрал төгсгөл болжээ

2017/01/26
Дуучин, МУСТА Э.Чулуунчимэг, Б.Болд нар  зохиолын дуучдын залуу үеийн төлөөлөл, мөн үлгэр жишээ болсон хосууд. Олон уран бүтээлийн ард хамтдаа гарч,  хөөрхөн охины аав, ээж болж, олны  хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучид маань  хоёр  тийш болсноо зарлалаа.  

Энэ талаар дуучин Э.Чулуунчимэг өөрийн facebook хуудаснаа нийтэлж, хатуу үгсийг хайр найргүй чулуудсан байна. Түүний шүлэглэж бичсэн үгс  таван жил тэслээ, тэвчлээ, уучиллаа, хардалт, хүчирхийлэл дунд амьдарлаа, одоо хангалттай, хэнийг доромжилсноо мэдрүүлж амьдарна гэх утгыг илэрхийлжээ.

Хайрлаад хайрлаад байхад
Хайр даадаггүй
Уучлаад уучлаад байхад
Алдаагаа ухаардаггүй
Тэвчээд тэвчээд байхад
Гэм нүглээ ойлгодоггүй
Эхнэр гэдгийг эд хогшил мэт санаж
Энхэр биеийг нь сэвтээж гэмтээж
Харын өвчинд тархи нь идэгдэж
Харгис авир зүрхэнд нь хуралдсан
Алдар нэр зоос мөнгийг
Амьдралын гол зорилго мэт андуурч
Өнгөний сайхан сэтгэлийн сайхныг
Үзэж ялгах ухаан нь балартсан
Нүүр дүүрэн гэмгүй төрхөөрөө
Нүгэлт төрхөө нуун далдалсан
Ичих нүүр эрээ цээргүй
Эрийн оронцог болсон чамайг
Энэ бие энхрий үрээс минь гадна
Бурхан тэнгэр харж байгааг сана
Бусдын нүд ч сохор бишийг ойлго
Үйлийн үр нүглийн төлөөс
Үг дуугүй л чамруу очно
Түмэн олны хайрыг хүндэлж
Түнэр хар төрхийг чинь нууж
Таван жилийг ардаа үдсэн.
Тэвчээрт хязгаар байдаг л юм байна
Тэсэхгүй өнөөдөр үгээ хэлж байна
Үрийн минь эцэг сайн л явбал
Үнэхээр бусад нь надад хамаагүй
Ямар хүнийг дутуу үнэлж
Яаж чи доромжилж байснаа
Ойлгоцгоох өдөр ирнэ гэдэгт найдъя
Одоо угаасаа бүх зүйл дууссан
Ёсолж тавьсан хадаг яндараа
Нэхээд авах ёсыг сонсож байсангүй
Олоон жилийг хамт туулаагүй ч
Олон л зүйлийг чамаас мэдэрлээ
Гэгээн сайхан ч зөндөө л байлаа
Гэрэлгүй галгүй ч амьдарч үзлээ
Ирээдүйд яаж галтай явахыг минь
Хараад л суухаас өөр хувь чамд үлдээгүй…
 
Тэд хамтдаа "Илбэе"  бие даасан тоглолт, МУСТА цол тэмдэгийн мялаалга болгож “Жаргалтай айл манайх” аялан тоглолтоо 21 аймагт хийсэн гээд уран бүтээлийн ургац арвинтай байв. 
 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна