​Ардчилсан намын даргад нэр дэвшигчид юу хэлэв

2017/01/28
Ардчилсан намын даргын сунгааны хаалтад нэр дэвшигчдийн хэлсэн үгийг тоймлон хүргэж байна. 

Д.Эрдэнэбат: Талцаж битгий санал өгөөрэй, тэгвэл бидний хүссэн шинэчлэл байхгүй болно

Ардчилсан нам сэргэлт, шинэ үеийнхээ гараан дээр зогсож байна. Ингэхдээ бид өнгөрсөн үеийн оноо, алдаа, сургамж дээр дүгнэлт хийж байна. Манай намын мянга мянган гишүүд намаа сэргээсэй, шинэчлэгдээсэй гэж хүсч байгаа. Үл итгэлцэл, үл эвлэлдэх байдал бидний сэтгэлийг зовоож байгааг би ний нуугүй гишүүддээ хэлж байгаа. Ардчилсан нам үнэхээр шинэчлэгдье гэж байгаа бол эхлээд итгэлцэх, эвлэлдэх хэрэгтэй. Ардчилсан нам бол амьд организм. Тиймээс бүх эд эс нь жигд ажиллаж байж энэ нам амьд байна. Энэ ч утгаараа бүх гишүүдээсээ намын даргаа сонгох санаа гаргасан нь түүхэн шийдвэр байсан. Энэхүү үйл хэрэгт гар бие оролоцож ажилласандаа би баяртай байдаг. Дэмжиж ажилласан бүх гишүүддээ талархаж явдаг. Бид ард түмний итгэлийг хүлээсэн нам болох ёстой. Тиймээс ноён нуруу дутаж байна гэж гишүүдийнхээ хэлж, захиж байгааг анхаарах ёстой. Бид энэ сонгуулиар шинэчлэгдэж, өөрчлөгдөх ёстой. Хэрэв манай намын гишүүд талцал, фракциараа сонголт хийвэл Ардчилсан нам ялагдана. Ардчилсан нам ялагдах юм бол Эрдэнэбат ялагдана. Хэрэв бид сонголтоо чин сэтгэлээсээ, намынхаа төлөө гэж зүрх сэтгэлээ сонсч хийвэл энэ сонгуульд Ардчилсан нам ялна. Тэр тохиолдолд Эрдэнэбат ч мөн ялна. Ийм мэдрэмжээр би энэ сонгуульд орсон. Энэ 40 хоногийн аялал миний мэдрэмжийг нотолж өгсөн.  Намайг эх орныхоо өнцөг булан бүрт очиход дэмжсэн нийт гишүүддээ баярлалаа. Та бүхэн саналаа өгөхдөө сэтгэлээ сонсоорой. Талцаж битгий санал өгөөрэй. Тэгвэл бидний хүссэн шинэчлэл, ирээдүй бүрхэг болно гэдгийг хаана, хаанаа санаарай. Бид хүчирхэг, эв нэгдэлтэй Ардчилсан намын төлөө хамтдаа явах ёстой гэдгийг нийт гишүүддээ уриалж байна. 

Лу.Гантөмөр: Бид 21 дүгээр зууны хөгжлийн бодлогыг Ардчилсан намын гишүүн бүрээр хэлэлцүүлнэ

Бид 5-ын зорилго нэг гэдгийг дахин хэлье. Бид Монголын, Ардчилсан намын эв нэгдлийн төлөө хамтдаа байж чадна. Бид нээлттэй нам болж шинэчлэгдэнэ. Бид хариуцлагатай нам болж шинэчлэгдэнэ.Бид эв нэгдэлтэй нам болж шинэчлэгдэнэ.Бид алсын хараатай нам болж шинэчлэгдэнэ. Бид бодлогын нам болно. Бид 21 дүгээр зууны хөгжлийн бодлогыг Ардчилсан намын гишүүн бүрээр, Монгол хүн бүрээр хэлэлцүүлнэ. Энэ нь 2020 оны монголчуудын ялалтыг авчирсан болдого гарна гэдгийг хэлье. Ингээд 4 найздаа амжилт хүсье, намын удирдлагууддаа талархал илэрхийлье.
 
Ж.Батзандан: Ардчилсан нам фракцийн толгойлогчоор биш үндэсний лидерээр удирдуулах ёстой шүү


Өнөөдөр бид намын даргаа гишүүдээсээ сонгодог болж байна. Нийт гишүүдийн маань гарт намын даргаа, үндэсний лидерээ сонгох эрх очсон байгаа. Энэ бол түүхэн шийдвэр байх болно гэдэгт би итгэж байгаа. Нийт гишүүддээ хандаж 1 л зүйлийг хэлье,  1 сарын 29 бол монголчуудын хувьд түүхэн өдөр байх болно. Фракцийн толгойлогчийг битгий сонгоорой гэж гишүүдээсээ чин сэтгэлээсээ хүсье. Мөнгөний нөлөөнд автаж битгий сонголт хийгээрэй, чин зүрхний сонголтоо хийгээрэй. Ардчилсан нам фракцийн толгойлогчоор биш үндэсний лидерээр удирдуулах ёстой шүү. Та бүхний сонголт монголыг аврах болно. Таны мэргэн сонголт монголын ардчилллыг аварна гэдэгт би итгэлтэй байна. Эрх чөлөөний тугийг эр зоригтнууд өргөдөг юм. Эр зоригтой Ардчилсан намынхан энэ улсыг аварна гэдэгт би итгэлтэй байна. 

Н.Алтанхуяг: Нам дамнасан бүлэглэлд үйлчилдэг бүлгийн даргатай болчихоогүй байгаа

Монголын баялгийг луйвардсан үйл ажиллагаа нотлогдоод УИХ-аар хэлэлцэ тухай ярихад манай Ардчилсан намын бүлгийн дарга завсарлага авсныг монголчууд эсэргүүцэж хүлээж авлаа. Нам дамнасан бүлэглэлийн эрх ашигт үйлчилдэг бүлгийн даргатай болчихоогүй байгаа гэж гишүүд маань эмзэглэж бас гайхаж хүлээн авч байна. 

С.Эрдэнэ: Алтангадасгүй эрх чөлөөт Ардчилсан намыг бий болгоё

Энэ намд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Алтангадас гэдэг фракци бүх эрх мэдлийг аалзны тор шиг хэрлээ. Энэ аалзны торыг бид задлахын төлөө тэмцсэн. Цаашид ч тэмцэх болно. Фракцигүй байя гэж бодож байгаа бол бид өнөөдөр аль нэг фракцийн давуу эрх, дарамгуйллаас бид салах ёстой. Алтангадасынхан намын дүрмийн гол заалтууд, ротацийг байхгүй болгосон. 1 сарын 29 бол фракцигүй, Алтангадасгүй эрх чөлөөт Ардчилсан намыг сонгох өдөр байх болно. 

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна