Евро стандартад нийцсэн Ган бөмбөлөгийн үйлдвэр ашиглалтанд орлоо

2017/01/30
Монголчууд эх орондоо ган бөмбөлөг үйлдвэрлэдэг болж буй сайхан мэдээгээр шинэ долоо хоногийг эхлүүлж байна. Тодруулбал, өнгөрсөн бямба гаригт Дарханы төмөрлөгийн үйлдвэр Евро стандартад нийцсэн Ган бөмбөлөгийн үйлдвэрээ албан ёсоор нээж, ашиглалтанд орууллаа. 



Үйлдвэрийн үндсэн техник тоног төхөөрөмжийг метал давтаж боловруулах чиглэлээр дэлхийд тэргүүлэгч ХБНГУ-ын 177 жилийн түүхтэй Shuler групп нийлүүлсэн бөгөөд евро стандартад нийцсэн  учраас Монгол Улсын үйлдвэрлэлийн салбар тэр дундаа хүнд үйлдвэрлэлийн салбарт нэгэн шинэ хуудас нээж, ололт амжилт хөгжил дэвшлийн шинэ үеийг авчирч байгааг салбарынхан онцолж байв.

Үйлдвэрийн нээлтэд Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн Хүнд үйлдвэрийн газрын бодлогын дарга Б.Баатарсүх, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат  нарын албаны хүмүүс оролцож, үйлдвэрийн хамт олонд ажлын амжилт хүслээ. 


Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр  ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Эрдэнэт”, Оюутолгойн үйлдвэрүүд жилд 180-200 сая ам.долларын ган бөмбөлөг гаднаас авдаг. Харин энэ үйлдвэр нээгдсэнээр ган бөмбөлгийн дотоодын хэрэгцээг бүрэн хангахаас гадна гадагш урсах ам.долларын эргэлтийг зогсоох боломж бүрдүүлж байна. Цаашид ч Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гадагшаа экспортлох боломжтой гэсэн сайхан мэдээг дуулгасан та бүхнээрээ бахархаж байна. Ажлын байр нэмэгдэнэ, тогтвортой байна гэдэг маш чухал” гэдгийг онцолсон юм. 


“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” компанийн Ерөнхий захирал Д.Батжаргалан үйлдвэрийнхээ талаар хэлэхдээ “Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хэрэгжүүлж байгаа уул уурхай металургийн цогцолбор үйлдвэр барих төслийн хүрээнд бид олон бүтээн байгуулалт хийж ирлээ.

Бид ил уурхайнуудаа нээж, тог цахилгаанаа татаж, баяжих үйлдвэрүүдээ байгуулж, авто болон төмөр замын бүтээн байгуулалтаа хийж гүйцэтгэн, дэд бүтэцтэй холбоотой бүхий л асуудлаа бүрэн шийдэж дууссан. Харин өнөөдөр бид Монгол Улсад анхны болоод хамгийн том Ган бөмбөлгийн үйлдвэрийг ашиглалтад өгч байна.
 
Ганбөмбөлөгийнг даралтаар боловсруулдаг давтах арга нь бүтээгдэхүүнийг илүү бат бөх, элэгдэлд тэсвэртэй болгодог бөгөөд гангийн төрөл бүрийн орц найрлага, боловсоруулалт хийж хатуулаг чанарыг нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүүлэн үйлдвэрлэх боломжтой болж байгаа юм.

Үйлдвэр маань 100-140мм голчтой ган бөмбөлөг давхар аргаар үйлдвэрлэх бөгөөд төслийн хоёрдугаар шатанд энэ ондоо багтаан цувих аргаар 60-80 мм голчтой ган бөмбөлөг нэмж үйлдвэрлэдэг болсноор жилд 60.000 тн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай болно

 Мөн бүтээгдэхүүнийхээ чанарт хяналт тавих иж бүрэн туршилт, шинжилгээний лаборторитай. Ингэж Евро стандартад нийцсэн өндөр чанарын ган бөмбөлөг үйлдвэрлэж эцсийн хэрэглэгчдэд нийлүүлснээр тэдний өртөг зардлыг 15-30 хувь бууруулах боломжтой. Ингэснээр 100 гаруй ажлын байнгын байр бий болж, импортыг орлон жилдээ 60 сая ам долларын валютын гадгашлах урсгалыг эх орондоо үлдээх боломж бүрдэж байна” гэлээ. 


Ган бөмбөлгийг хэрэглэж байгаа зориулалт нь уул уурхайн салбарын баяжуулах үйлдвэр, цементийн үйлдвэр, нүүрс бутлах үйлдвэрүүд, цахилгаан станцын тээрэмд эрдэс түүхий эдийг бутлагч болгон ашигладаг аж.


Энэхүү үйлдвэр нь давтах технологиор ажиллах анхны бөгөөд хамгийн том байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэлхийн тэргүүлэх технологид суурилсан, бүрэн автомат удирдлага, хяналтын системтэй үйлдвэр гэдгээрээ онцлог юм.

Г.Сар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна