Гурван сар малаа үнэгүй маллуулаад цалин өгөлгүй өвлийн хүйтэнд хөөж явуулжээ

2017/01/30
Хоёр мянгат малчин айл “Малчин ажилд авна” гэсэн зар тавьж нэгэн залуугаар гурван сар малаа үнэгүй маллуусны эцэст өвлийн хүйтэнд гэрээсээ хөөж явуулсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ тухай фэйсбүүкийн Sarangoo Borkhuu гэх хаягтай нэгэн хэрэглэгч өөрийн хуудастаа мэдээлсэн нь асар богино хугацаанд олон мянган хүнд хүрч, дургүйцлийг нь төрүүлжээ.

Энэ залууг Төгөлдөр гэдэг юм байна. Түүнийг өнөөдөр хөдөө, хээр ганцаараа алхаж байхад нь яагаад ийм хүйтэн, цасан шуургатайд алхаж байгааг нь асууж Улаанбаатар хотод авч ирэн түүнд хоол цай өгөөд ярилцсан юм. 

Төгөлдөр гурван сарын өмнө малчин авна гэсэн зараар Төв аймгийн Заамар сумын Бор гэх айлд малчнаар ажилд орж, нэг ч хонины хохиролгүй ажлаа сайн хийсэн ч нэг ч төгрөг өгөлгүй, онцгой байдал зарласан үед хөөж явуулсан байна. 

Ядаж унааны мөнгө өгөхийг гуйсан ч хүүхдүүд нь бүгдээрээ дайрч давшлан зодох гэсэн тул тэр айлаас өмссөн хувцастайгаа гарч Улаанбаатар хотыг зорьсон ч хажуугаар нь өнгөрөх машинтай хүмүүс авсангүй гэнэ.

Түүний гар, нүүр гээд бээрч арай ядан алхаж явлаа. Аав, ээж нь тэтгэвэрт, дүү охин нь коллежид сурдаг гээд ар гэрээ авч явж, амьдрахын төлөө тэмцсэн ч хүн чанаргүй, хүний халуун амийг малнаас доор үздэг хоёр мянгат малчин, 200 унасан баячууд юман чинээ бодоогүй байх юм. Яагаад?

Хүн чанар, хүн хүнээ хайрлах, халамжлах, хүндлэх ёсон хаачив даа. Монгол хүний мөс чанар хаана алга болов оо. Хөөрхий залууд Налайх хүрэх автобусны мөнгө өгтөл нулимс дуслуулан уйлан байж, маш их баярлаж байгаагаа бараг өвдөг сөгдөн илэрхийлсэн нь өр зүрхийг минь зүслээ. 

Цагдаа найзтай хүмүүс байвал асуух юм их байна. Хойшид ийм явдал гаргахгүйн тулд шэйр хийж тус болоорой. Малчин авна гэсэн зараар ажилд орж болохгүй. Цагдаагийн алба энэ тал дээр өндөр ач холбогдол өгөх цаг нь болжээ. Хамт явж байсан таксины ах түрүү жил бас нэг залуу ингээд явж байсан тухай дурсан ярьсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна