УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан улсад 100 сая төгрөг хандивлахаа мэдэгдлээ

2017/01/31
Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө аяныг эхлүүлж байгаагаа өчигдөр зарласан. 

Тодруулбал, иргэн бүр нас, ажил үүргийн онцлогоос шалтгаалж тус бүр 1000-100 сая төгрөг хандивласнаар нийт 640 гаруй тэрбум төгрөг "Эх орныхоо төлөө" санд төвлөрч, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуй нэгжээс 2-2.5 сая төгрөгийн хандив хүсч байгаагаа хэлсэн юм.  

Мөн тэрбээр өөрийн зүгээс 10 сая төгрөг, алтан бөгж, арван агт адуугаа хандивлаж буйгаа мэдэгдсэн билээ.

Тэгвэл дээрх уриалгад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нэгджээ. Түүний тухайд  580 cая долларын өр төлөхөд зориулж хувиасаа 100 сая төгрөг улсад хандивлахаа өнөөдөр мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Парламентад орж ирэхээсээ өмнө миний бие хувийн бизнес эрхэлж байсан. Удирдаж байсан компаниасаа тодорхой хэмжээний ашиг авдаг. Ашгаасаа 100 сая төгрөгийн хандив өргөж байна.

Мөн миний удирдаж байсан компанийн захирал энэхүү уриалгад нэгдэхээ илэрхийлсэн. ТУЗ-ийн хурлаараа асуудлыг оруулж, хэлэлцээд шийдвэрлэнэ гэсэн.

Эдийн засаг хямралтай байгаа ч ажил алба эрхэлдэг төрийн албан хаагчид, бизнес нь тодорхой хэмжээнд сайн явж байгаа хувийн хэвшлийнхэн бүгд энэ санаачилгад нэгдэхийг уриалж байна.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

-Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав тэргүүтэй ахмадууд улсаа хямралаас гаргахад зориулж хандив өргөх санаачилга гаргасныг  өнөөдрийн сониноос уншиж мэдлээ. УИХ-ын хэсэг гишүүд хоорондоо ярилцаад, энэхүү уриалгад нэгдэхээр шийдвэрлэсэн. Их, бага нь хамаагүй өөрсдийн боломжийн хэмжээнд хандив өргөнө. Гуравдугаар сард евробондын төлбөрт 580 сая ам.долларыг төлөхөд төрдөө хувь нэмрээ оруулья гэж байгаа юм. Энэ сайхан санаачилга ард түмнээс гарсан. Үүнийг УИХ-ын гишүүд бид дэмжээд нэгдэж байна хэмээн хэллээ гэж

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна