Өнөөх хэдэн гишүүн маань “Цагаан сар акц”-д нэгдчихээгүй байгаа даа

2017/02/01
Монголд нэг муухай жишиг тогтсон. Тогтоосон хүмүүс нь улстөрчид л дөө. Ямар нэг нуух, далдлах муухай юмаа монголчуудын тэмдэглэлт баяр, олон хоногийн амралтын өмнө, хойно шийдддэг. Наадам, шинэ жил, цагаан сар гээд ард түмэн баярлаж цэнгээд завгүй явах үед улстөрчид өнөөхөө хийдэг гэсэн үг. Түүх сөхвөл гарын арван хуруунд багтахааргүй олон иймэрхүү шийдвэрийг нэрлэж болно.

Хамгийн сүүлчийн жишээ нь Тавантолгой л болох дог. Эрх баригчид Тавантолгойн ордыг ашиглуулах гэрээг шинэ жил дамнуулж шийдэх гээд чадаагүй. Энэ Их хуралд бас ч гэж олон түмний төлөө гараа өргөдөг, кнопоо дардаг олон гишүүн байдгийг бид харсан. Олон улсын гэрээний тухай хууль гээчээр халхавчлаад гэрээг зурах гэж байхад нь нэр бүхий 19 гишүүнээс бусад нь эсэргүүцэж таслан зогсоосныг санаж байна. Тэгвэл эрх баригчид дахиад нэг дайралт хийхээр зэхэж байгаа ажээ. Энэ нь батлагдаж байх шиг байна. “Зууны мэдээ” сонин энэ талаарх мэдээллийг хэдхэн хоногийн өмнө “Тавантолгойн гэрээний “Цагаан сар акц” эхэллээ гэв үү” гэж гарчиглаж байгаад бичсэн.

Яг энэ гарчигтайгаар твиттерт нэгэн эрхэм зурагтай сэтгэгдэл бичиж, үүнд нь олон нийт бодол, байр сууриа илэрхийлж байна. Яг үнэндээ “Цагаан сар акц”-ын тухай улс төрийн хүрээнд нэлээд хэд хоногийн өмнөөс яригдаж байгаа ажээ. Ирэх долоо хоногийн даваа гариг буюу 6-нд УИХ дахь намын бүлгүүдээр хэлэлцэж эхэлнэ.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржийн бие үнэнээсээ сайнгүй байгаа. Тэрээр гэрээг байгуулчихаад ажлаа өгнө гэдгээ ойрынхондоо яриад л явж байна. Тиймээс “нөгөөдүүл” гэрээгээ үзэглэхээр дайрах нь нэгэнт тодорхой. Харин өмнө нь зогсоож чадсан шигээ өнөөх 19-өөс бусад гишүүн өмнөх байр суурь дээрээ үлдэж чадсан болов уу. “Нөгөөдүүл” тулж ажиллаад, сэтгэл санааг нь эргүүлчихсэн байх вий дээ. Хамгнийн гол нь Тавантолгойн ордоо монголчууд ашиглах цаг нь болсон. Гэхдээ маш зөвөөр, нэг компани биш нийтээрээ ашгийг нь хүртэх хувилбарыг л ард түмэн хүсээд байгаа юм.

Эх сурвалж: polit.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна