С.Батболд: Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөөг нарийвчлан гаргаж байгаа
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн зөвлөгөөн нийт 11 үүрэг даалгавар өгөгдсөн байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө батлах тухай” 07/01 дүгээр тогтоолыг баталсан.
Тогтоолын дагуу байгууллага бүр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, нийслэлийн дэд хөтөлбөр, Утаагүй хот төслүүдийг боловсруулан ажиллаж байна. Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гарган гамшигт өртсөн айл өрхүүдийн нүүлгэх ажлын төлөвлөгөөний саналыг боловсруулж дээд шатны байгууллагад танилцуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.
Улсын онцгой обьект болох Амгалан дулаан станц руу ус орохоос урьдчилан сэргийлж Амгалан дулааны станцын хойд талд 4 м урттай, 2м өндөртэй, 2м өргөнтэй шороон далан босгож хамгаалалт хийсэн. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 2-ны өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг өндөр чадамж, бүтээлч хандлагатай залуу боловсон хүчнээр сэлбэн бэхжүүлэх, төрийн албанд орох боломжийг нээх, Нийслэл хотын хөгжил, бүтээн байгуулалтад тэднийг татан оролцуулах зорилгоор Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажлын байрны “Нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгууллагдсан.
Өдөрлөгт Нийслэлийн нутгийн захиргааны 22 байгууллага, үйл ажиллагаагаа танилцуулсан бөгөөд www.ulaanbaatar.mn цахим хуудсанд 1520 иргэн мэдээллээ бүртгүүллээд байна” гэв.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 14393 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх 14 хоногтой харьцуулахад 39 нэгж буюу 0.3 хувиар өсөж, 2542 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь -79 нэгж буюу 3.0 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
“Сар шинэ” арга хэмжээний хүрээнд эргүүлийн хүн, хүчийг хүч нэмэгдүүлэн зохион байгуулан өдөрт 307 чиглэлд 619 алба хаагч үүрэг гүйцэтгэж, 7 хоногийн хугацаанд 39 гэмт хэргийг илрүүлж, 5 гэмт хэргийг үйлдэл дээр нь таслан зогсоож ажилласан. Эргүүлийн хүн, хүчийг нэмэгдүүлж ажилласан 7 хоногт ирүүлсэн дуудлага мэдээлэл өмнөх оны мөн үеэс 49.4 хувиар, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 43.3 хувиар тус тус буурсан үзүүлэлтэй байна” гэлээ.
“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3311 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй127, зөрчлийн шинжтэй 11556 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 112 ослыг материалжуулан шалгаж байна. “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд өдөр бүр 74-100 цэгт, нэг ээлжинд 95-112 алба хаагч 56 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж, нийт 20500 зөрчил илрүүлснээс согтуугээр тээврийн хэрэгсэл жолоодсон 59, бусад 20441 зөрчил гаргасан хүнд 429.7 сая төгрөгийн торгуулийг бэлэн бус хэлбэрээр оногдуулж ажиллалаа” гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд хэллээ.
НОБГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зам даваа боогдох, халтиргаа гулгаатай холбоотой ослын дуудлага тус газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 105 тусгай дугаарт бүртгэгдээгүй байна. Цаашид цаг агаарын нөхцлийн тойм мэдээгээр ойрын 5 хоногт Улаанбаатар хот орчмоор бага зэргийн цас орж өдөртөө -13-15 хэм, шөнөдөө -24-28 хэм хүйтэн байх төлөвтэй байна. Налайх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр “Дархан ноёны худаг” гэдэг газарт хонь цэцэг өвчний сэжигтэй тохиолдол илэрч Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” А/26 захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Голомтын бүсэд байгаа нийт 1762 хонинд үзлэг тандалт хийхэд 173 хонинд цэцэг өвчиний шинж тэмдэг илэрсэн бөгөөд 341 хонийг вакцинжуулан, өвчтэй 68 хонь, ЗХ-ний 337-р ангийн хашаанд байгаа 17 зээрийг устган ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын А/50 дугаар захирамжийн дагуу 8 дүүрэгт вакцинжуулалтын ажлыг эхлүүлэн 26.4 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна” гэв.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “НИТХ-ын 07/01 тогтоолоор “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, орчны бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний тусгай төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхээр тус газраас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлөвлөгөө батлан 17 бүлэг 45 ажил тусган хэрэгжүүлж байна. Нийслэл дэх томоохон худалдааны төвүүдэд стандартын шаардлага хангасан зуухнаас бусад ахуйн зуух худалдахыг хориглох тухай 02-01/416 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Нийслэлийн Засаг даргын A/19 дугаар захирамжийн хэрэгжилтийн хүрээнд дугуй засвар, гутал засвар, ТҮЦ, павильон, харуулын байруудад хаягдал шатааж буй эсэхэд хяналт тавин байгаль орчны хяналтын 12 улсын байцаагч 12 ажлын хэсэгт ажиллаж байна” гэлээ.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөөг нарийвчлан гаргаж байгаа. Энэ хүрээнд нийслэл, дүүрэг, харьяа байгууллагууд тухайлсан ажил үүргээ сайн хийж гүйцэтгэх хэрэгтэй. Засаг даргын гаргасан 3 захирамжийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна