​Өндгөвчний хөлдөөсөн эсийн тусламжтайгаар хүүхэд төрүүлжээ

2017/02/07
24 настай Моаза аль-Матруши гэдэг бүсгүй өөрөөс нь авч хөлдөөсөн өндгөвчний эсийн тусламжтайгаар хүүхэд төрүүлсэн дэлхий дээрх анхны эмэгтэй боллоо. Бэлгийн бойжилт нь гүйцээгүй байх үед түүнээс өндгөвчний эсийг нь авч хөлдөөн хадгалсан байна.   “Энэ бол маш том алхам. Насанд хүрсэн хүмүүст өндгөвчний эсийг шилжүүлэн суулгах нь үр дүнтэй гэдгийг бид мэдэж байсан, харин хүүхдийн өндгөвчний эсийг авч хөлдөөгөөд насанд хүрсэн хойно нь ашиглаж болдог гэдгийг мэддэггүй байлаа” гэж Лондон хотын эмч Сэра Мэттьюз ярьжээ.  

Моаза аль-Матруши Дубай хотод төрөхдөө төрөлхийн цусны өвчтэй байжээ. 9 настайд нь түүнд химийн эмчилгээ хийх үед Британийн эмч нар түүний баруун өндгөвчийг тайрч аваад эсийг нь хөлдөөсөн байна. Ингээд өнгөрсөн онд Данийн эмч нар эсийг шилжүүлэн суулгаснаар эмэгтэйн нөхөн үржихүйн функц сэргэжээ. Үүний үр дүнд энэ онд Моаза Лондон хотод эрүүл саруул хүү төрүүлсэн байна. Энэ тохиолдол нь цусны өвчин, хорт хавдар болон дархлааны эмчилгээ хийлгэсний дараа үргүйдэлд хүрэх магадлалтай байгаа олон эмэгтэйчүүдийн хувьд итгэл найдвар төрүүлж байна.

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна