Ц.Элбэгдорж: Өөрийнхөө иргэний өмчийг булааж авч байгаа төр хүний өмчийг хайрлах уу

2017/02/11
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Чуулганы танхимд гишүүдийн санал гаргасны дагуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орж ирж, өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Түүний хэлсэн үгийг дор хүргэе.

-Өнөөдөр энэ яригдаж байгаа асуудлаар УИХ шийдвэр гаргах гэж байна. Эхэндээ энэ нэг хоёр улстөрчийн мэдэгдэл төдий байсан бол одоо цаашаа Монголын төрийн шийдвэр болох нь ээ. Монголчууд бид бие биенээ дэмжиж урагшлах хэрэгтэй. Бид бие биенээ маажаад, бие биенээ дийлдэж байгаа юм шиг дүр үзүүлээд цааш явж чадахгүй.

Сүүлийн үед гарч байгаа энэ задрал бол Монголын эмгэнэл болчихоод байгаа юм. Би энэ асуудлаар үндэсний телевизэд өгсөн ярилцлагадаа маш тодорхой байр сууриа илэрхийлж байсан. Энэ асуудлыг УИХ эхнийхээ өдрөөр авч хэлэлцэх ёстой гэж. Энэ Засгийн газар, Их хурал 1990 оноос хойш хамгийн хурдан бүрэн бүрэлдэхүүнээрээ бүрэлдсэн.

Одоо долоон сарын дараа ярьж байна. Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцэхгүй зүйл харагдаж байна гэж шаардаж байсан. Их хурал нээлттэй сонсгол хийх ёстой. Ерөнхий сайд ирсэн энэ бичгээр нээлттэй сонсгол хийх байсан. Гэвч хийгээгүй. Тал талаасаа ярилцаад байхад тодорхой дүгнэлтэд хүрэх байх гэж бодож байсан. Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг авч үзэхдээ хууль дүрэм зөрчсөн байвал хуулийнхаа байгууллагаар шийдвэрлүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан.

Эрдэнэт үйлдвэр 1978 онд нээлтээ хийж 30 жил ажиллана гэж байсан. Тэгвэл өнөөдөр 39 дэх жилдээ явж байна. Есөн жил илүү ажилласан учир энэ үйлдвэрийн хаалт, хөгжлийн тухай ярих хэрэгтэй болсон. Ойрын 10-аад жил энэ үйлдвэр яаж өр зээлээ төлөх талаар бодох хэрэгтэй. Одоо энэ үйлдвэрт тордолт хэрэгтэй. Тэнд байгаа зуун мянган хүн амын жаран хувь нь Эрдэнэттэй холбоотой. Ийм хүндрэлтэй асуудал Эрдэнэт үйлдвэр дээр тулгарч байгаа юм.

Тэр 49 хувийг авсан гэж байгаа хүмүүсийг шалгах тал дээр би ижил байр суурьтай байгаа. Үүнийг шилэн болгох хэрэгтэй. Шилэн дансны хууль хэрэгжихгүй байгаа. Энэ үйлдвэрийн худалдан авалтыг шилэн болгох хэрэгтэй. Хүн бүр үүнийг интернэтээр ороод хардаг болгох шаардлагатай. Бид одоо нэмж ажлын байр бий болгох хэрэгтэй. Энэ үйлдвэрийн нөөц дуусах үед энэ хэрэгтэй.

Би өнөөдөр энд Монголынхоо төлөө санаа зовсондоо л орж ирлээ. Та бүхний үгээр дэлхий нийт хүлээж авахгүй. Монголын эрх баригчид хувийн өмчийг нийгэмчиллээ л гэж ярина. Саяхан Монголын тухай улсдаа хандив өргөсөн талаар дэлхий нийтэд гарлаа. Үүнийг бичихдээ Монгол ингэтлээ дордлоо гэж бичлээ. Их хурал дээр асуудал улстөржөөд зогсвол Монголд том асуудал шийдэгддэггүй гэж л харагдана.

Хүний нутагт явсан агтаа аваад ирсэн байна. Та нар булааж авч байгаа юм уу. Шууд эдийн засгийн хориг Монголд тавигдана. Өөрийнхөө иргэний өмчийг булааж авч байгаа төр хүний өмчийг хайрлах уу. Ийм байдлаар явах арав, хорин жил явах байх. Монголын хувийн хэвшлийг Эрээний худалдаачдаас дор үзлээ. Ийм байдал руу бид ормооргүй байна. Нэг хүний толгойд буруу бодол орж ирж болно. Гэхдээ тэр нь төрийн шийдвэр болж болохгүй. Яг үнэндээ бол энэ 49 хувийн асуудал ч биш. 49 дээр шударга ёс тогтоох гээд байгаа юм биш.

Олны олон хүнээ барьдаггүй юм шүү гишүүд ээ, чимээгүй байгаарай. Засгийн газрын хууль зөрчигдсөн бол Үндсэн хуулиар шийдэгдэх ёстой. Их хурал шүүх биш. Эхнээсээ энэ бол улс төр байсан. Эхнээсээ бизнес байсан. Монголыг бодсон үнэр ч байхгүй. 20 жил бизнесээ шахаж байсан хүмүүсийн хувьд хэцүү байж магадгүй. Бид дансыг нь шилэн болгож явах ёстой. Хоёр улсын Засгийн газар хуйвалдана гэж байхгүй. Энэ 49 хувийг монгол бизнесмен авчирна гэдэг бол бусад хүмүүст урам өгнө. Төмөр замын 52 хувийг аваад ирье гэх хүмүүс гарна. Энэ бол монголчуудын зангарагтай, сортоотой явсан цагийг харуулж байгаа юм. Би монгол бизнесмен, монгол хүнийг хэзээд дэмжинэ.

Хэрвээ иймэрхүү байдлаар цаашид яваад Монгол руу наашаа харах түншгүй болно. Та нарын шийдвэр бол цаашид Монголыг ганцаардуулах шийдвэр болно. Дэлхийн санхүү, эдийн засгийн байгууллага Монголын шийдвэрийг дэмжихгүй. Тиймээс та бүхэн минь бодож үзээч ээ. Тал талаасаа ярилцаач ээ.

Т.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна