​Жастин Бибер, Кэйни Уэст, Дрейк нар Грэммийн ёслолд оролцохгүй

2017/02/11
Америкийн нэр хүндтэй уран бүтээлчид Грэммийн шагнал гардуулах ёслолыг шударга бус хэмээн үзэж эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Залуу дуучин Фрэнк Оушен сүүлд гаргасан “Blonde” цомгоо Грэммйн шагналд нэр дэвшүүлэхээс татгалзжээ. Тус наадмын шүүгчид шударгаар шүүнэ гэдэгт эргэлзэж байгаагаа тэрбээр өнгөрсөн оны сүүлчээр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө хэлж байв.

Харин алдарт реппер Канье Уэст хэлэхдээ "миний сонсох дуртай Фрэнк Оушены “Blonde” цомог Грэммид нэр дэвшихгүй бол би эсэргүүцлээ илэрхийлэх болно" гэж мэдэгдлээ. Цомог нь Грэммийн шагналд нэр дэвшсэн хэдий ч Канадын дуучин Жастин Бибер энэ удаагийн шагнал гардуулах ёслолд оролцохгүй байж магадгүй. Тэрбээр Грэммийн шагналыг “цаг үедээ зохицож чаддаггүй, залуу уран бүтээлчдэд шударга бус ханддаг” гэж шүүмжилжээ.

Алдарт дуучин Дрейкийн уран бүтээлүүд нь 8 номинацид нэр дэвшсэн боловч ёслолд оролцохгүйгээ мэдэгдсэн байна. Энэ оны Грэммийн шагналд 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны хооронд гарсан нийт 21 мянган бүтээл нэр дэвшсэн байна. Нийт 84 номинацийн санал хураалтад 13 мянга орчим хүн оролцжээ. 59 дэх удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо болно.

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна