Д.Жаргалсайхан: Монгол улсад ЭКО ТАКСИ угсарч үйлдвэрлэх ажил эхэлж байна

2017/02/15
Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Д.Жаргалсайхантай ярилцлаа.
 
 
-Бид энэ удаа Шинэ нисэх буудалд үйлчлэх таксиг Монголчууд өөрсдөө угсарч үйлдвэрлэхээр болсон тухай мэдээллийн дагуу тантай уулзахаар зорилоо. Энэ ажил одоо ямар шатанд явж байна ва?

-Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон зам тээврийн бодлогод цахилгаан таксины үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлэх тухай заалт орсон байгаа.

Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Зам тээврийн бодлого хэрэгжүүлэх ажлын хүрээнд Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатаас Монгол инженерүүдэд тодорхой үүрэг, чиглэлүүдийг өгсөн байгаа.

Үүний дагуу Монгол улсад эко такси угсарч үйлдвэрлэх боломжийг тодорхойлж, техник технологийн судалгаа, эдийн засгийн үр ашгийн тооцоо хийх зэрэг ажлуудыг хийж байна.

Ингэхдээ Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудлаас Улаанбаатар хотын хооронд Монгол инженерүүдийн бүтээсэн загвар дизайнтай эко таксинуудыг зорчигч тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна. Тухайлбал, Лондон хотын имиджийг бүрдүүлсэн, хар таксины дизайны адил салоны том орон зайтай, Монгол загвар үнэртсэн таксиг үйлчилгээнд нэвтрүүлнэ.

-Эко такси ямар түлшээр явах вэ?

-Гурван төрлийн түлш ашиглах боломжтой. Нэгдүгээрт цахилгаан, хоёрдугаарт газ, гуравдугаарт тодорхой филтер бүхий бензин хөдөлгүүр байх юм. Энэ гурвын аль нэгээр бид шийдэх бөгөөд ямар нэгэн хорт утаа ялгардаггүйгээр техникийн шийдэл, технологийн гаргалгаануудыг бид хийх ёстой.

Энэ ажлын хүрээнд бид Чингис хаан нисэх онгоцны буудлын удирдлагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ажлын хэсэг судалгааны ажилдаа ороод байна. Тэр ажлын хэсэг техник технологийн судалгаа, үйлдвэрлэл, ТЭЗҮ /техник эдийн засгийн үндэслэл/ гаргах зорилготой ажиллаад явж байна.

-Таксинуудын түлшний зарцуулалтын талаар та ярихгүй. Өмнө нь цахилгаан машин хийж байсан туршлага байгаа тул хар зураг нь харагдаж байгаа болов уу?

-Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудлас Улаанбаатар хот руу зорчигчдыг тээвэрлэх 40 орчим км-ийн зайд уул, даваанаас эхлээд тодорхой хэмжээнд өгсүүр хэсгүүд бий. Энэ замынхаа онцлог нөхцөлд тохируулан ямар түлш сонгох вэ гэдэг харьцуулсан тооцоонуудаа хийж байна. Бид заавал цахилгаан машин байх ёстой гэж явцуурах шаардлагагүй гэж үзэж байгаа.

-Бензин хөдөлгүүртэйгээр шийднэ гэж үзвэл шатахуун зарцуулалт ямар байхаар төлөвлөж байгаа вэ?

-100км-т ойролцоогоор 8-10 литр шатахуун зарцуулах хэмжээнд хөдөлгүүрүүдийн сонголтоо хийнэ. Монгол улсад анх удаа суудлын машин угсарч үйлдвэрлэх ажил эхлэж, цаашид өндөр технологийн жижиг дунд үйлдвэрлэгч нарыг араасаа дагуулсан, угсралтын толгой үйлдвэрүүд хөгжих суурь тавигдах юм.  

-Эд ангиудаа хаанаас авахаар төлөвлөсөн бэ?

-Бид мотор, хурдны хайрцаг, хойд урд тэнхлэг, жолооны механизм зэрэг үндсэн агрегат эд ангиудыг авахаар олон үйлдвэрүүдтэй харьцаж байна. Үүний дотор Солонгос, Япон, БНХАУ-ын тодорхой үйлдвэрүүд орсон байгаа. Энэ гурван улсаас сонголт хийгдэнэ.

-Автобус, троллейбусныхаа кузов угсаргааг одоо бид өөрсдөө хийдэг болчихсон шүү дээ?
-Тиймээ. Явах ангийг бид аваад, машинаа босгох загваржуулах, дотор монтаж, угсралт, салон зэрэг асуудлыг бид өөрсдөө шийддэг.

-Та бүхэн Их Монгол улс байгуулагдсан 800 жилийн ой буюу 2006 онд анхны “JE 800” троллейбусаа хийж эхэлж байсан.  Гэтэл өнөөдөр суудлын автомашин угсарч үйлдвэрлэх хүртэл хөгжсөн байна. Энэ чигээр хөгжвөл бид хэзээ автомашины үйлдвэртэй болохоор харагдаж байна вэ?

-Монгол хүнээ ажилтай байлгах, орлоготой амьдруулах нь төрийн үндсэн үүрэг. Тиймээс Д.Жаргалсайхан инженер ганцаараа хийж чадахгүй. Аж үйлдвэрийн салбараа  хөгжүүлж Азийн бар болсон улс орнуудын аж үйлдвэрийн хууль эрхзүй, бизнесийн орчныг судлаж, Монгол улсад нэвтрүүлэх ажлыг Монгоын төр хийх ёстой.

Тэр улс орнууд үндэснийхээ машин байгууламжийн салбараа хөгжүүлж, халбага сэрээнээс эхлээд, хутга шанага, бүх л тоног төхөөрөмжөө үйлдвэрлэхийн тулд яаж дотоодын зах зээлээ хамгаалсан юм? Одоо яаж хамгаалж байгаа? Хөрөнгө оруулалтын бодлогоо яаж оновчтой хийж байгаа юм? Эх оронч худалдан авалтын тогтолцоогоо төсвийн болон хувийн хэвшил, иргэдийнхээ хүрээнд яаж төлөвшүүлж чадсан юм гэдгээс суралцах хэрэгтэй.

Уг нь төрийн зүгээс “Улс орондоо шинэ техник технологи, инновацийг нэвтрүүлж, Монгол хүнээ ажилтай, орлоготой болгоё” гэсэн дуу хоолойг надаас хүчтэй гаргах ёстой. Хэрэв төр энэ үүргээ биелүүлээд, инженерүүд биднийхээ тусламж дэмжлэгийг авбал үйлдвэртэй болох боломж мэдээж бий.

-Одоогийн Засгийн газар та бүхний ажлыг тодруулбал, инженерүүдийн ажлыг дэмжиж байгаа юу?

-Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат бидний ажлыг дэмжин, тодорхой саналууд тавьсан тул бид баяртай байгаа. Би машин үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийн тулд сүүлийн 20 гаруй жил зүтгэсэн. Жаргал зовлонгийн олон хүнд давааг давсаар л ирсэн. Харин Д.Ганбат сайд бидэнд ийм урам дэм өгснөөрөө бидний ажлын 50 хувийг хөнгөлж өгч чадаж байна.

-Бид яагаад томоохон үйлдвэрүүдтэй болж чадахгүй байна вэ?

-Нэгдүгээрт, Солонгос, Орос, Хятад, Япон зэрэг улсуудтай харьцуулахад манайд үйлдвэрлэл хөгжих ямар ч хууль эрхзүй, бизнесийн орчин байхгүй шүү дээ. Хятадын бараа манайд тавхан хувийн татвартай орж ирдэг. Харин бид Хятад руу 17-125 хувийн татвар төлж байж бараагаа гаргадаг.

Мөн Солонгос руу 10-225 хувийн татвар, Орос руу 20-60 хувийн татвар төлж байж бараагаа гаргадаг. Татварын ийм тэнцвэргүй байдал нь Монгол улсыг худалдааны алдагдалд оруулж байгаа. Үүнийгээ бид олж харахгүй байна.

-Үйлдвэрлэл, шинэ бизнес эхлэхэд юуны түрүүнд санхүүгийн асуудалтай нүүр тулдаг шүү дээ?

-Тиймээ. Хоёрдугаарт хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэх нь зүйтэй. Манай улсын банкны зээлийн жилийн хүү нь 30 хувь байдаг. Би 10 сая төгрөгийн үнэтэй машин хийлээ гэхэд гурван саяыг нь банкны хүүнд өгч байна. Үлдсэн долоон сая төгрөг нь компанийн зардал, цалин, нийгмийн даатгал, татвар гэх мэтээр суутгагдсаар, үйлдвэрлэгч өөрөө гурван хувийн ашиг л олддог байхгүй юу.

Гэтэл банк 30 хувийн ашигтай байгаад байдаг. Ийм салбарт хүн хөрөнгө оруулалт хийх үү? Үгүй шүү дээ. Энэ нь өөрөө үйлдвэржилтийг нураах тогтолцоо юм. Гуравдугаарт, эх оронч худалдан авалтын тогтолцоо бидэнд хэрэгтэй. Сүүлийн20 жилийн хугацаанд Монголын төр 20 гаруй их наяд төгрөгийн төсвийн худалдан авалт хийсэн. Монголчуудын татварын мөнгөөр хийсэн энэ худалдан авалтанд Монгол улсын үйлдвэрийг хөгжүүлэх нэг ч худалдан авалт байгаагүй.

Харин Эрээн хотын, Улаан-Үд хотын, хойд Хятадын, Солонгосын аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Социализмаас хойш 360 гаруй үйлдвэр дампуурч, 110 мянган ажлын байр устаж алга болсон. Одоо л Монгол хүнийг ажлын байртай болгох зорилгоо нэн түрүүнд тавихгүй бол бид 26 жил орооцолдсон “Чөтгөрийн тойрог”-оосоо гарахгүй нь. Миний үеийн инженерүүд өнөөдөр бүгд л нуруугаа авахуулчихсан, зарим нь улс төрч болоод, зарим нь гадаадад гараад, зарим нь Нарантуул зах дээр зогсож байна шүү дээ.

-Монголчуудын угсарч үйлдвэрлэсэн автобус нэг хэсэг үйлдвэрийнхээ байранд тоосонд дарагдаад байна гэдэг мэдээлэл гадуур тарж байсан. Энэ бас л нэг том асуудал байх?

-Тендерийн хууль гэж Монгол улсын эдийн засгийг сөхрүүлэх хууль байдаг. Энэ хуулийн далбаан дор эрх мэдэлтэй, мэдээлэлтэй, шийдвэр гаргах түвшний дарга нар ердөө л Хятадын Ван даргыг, Оросын Иваныг, Солонгосын Кимийг дэмжих зорилго, үүрэгтэй байгаад байна. Энэ хүмүүс л улс орны эдийн засгийг хорлон сүйтгэж, Монгол ажилчдын ажлын байрыг хулгайлж, эх орноосоо урваж, ардын дайсан болж байна.

Тэгэхээр бид эрхзүйн тогтолцоогоо л өөрчлөхгүй бол энэ “Чөтгөрийн тойрог”-оос гарахгүй.  Энэ тойргоос гарахгүй бол Монгол улсад эх орондоо ажиллаж, амьдрах сонирхолтой залуус ховордож, бүгд гадаадад амьдрахыг чухалчилна. Өнөөдөр л гэхэд 10 залуугийн найм нь гадаадад гарч ажиллахсан гэж ярьж байна. Үнэхээр Монголдоо ажиллая гэхэд үйлдвэр байхгүй тул тогтвортой ажлын байр гэж алга. Гэтэл үйлдвэрлэл дээр суурилсан тогтвортой ажлын байрыг миний дээр дурдсан тулгын гурван чулуугаар босгож ирдэг юм.

-Монгол улс уул уурхайгаасаа их юм хүлээдэг шүү дээ?  

-Билл Гэйтс, Стив Жобс нар техник технологи, инновацийн дэвшлийг ашиглан ажлын байр бий болгож, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, улс орноо хүчирхэгжүүлж чадаж байна. Гэтэл манай улсад зарагдаж буй нийт бараа бүтээгдэхүүний нэг хувь нь л “Made in Mongolia”, бусад нь Вангийн, Иваны, Кимийн бараанууд. Монголын буян их болохоор ард иргэд нь өлсөж үхчихгүй, малаа нядлаад идээд байж болно.

Уул уурхай нэрээр өвгөдийнхөө хөлс цусаар тамгалж үлдээсэн баялагийг зараад жаахан мөнгө олж болно. Нэг тонн нь 70-80 ам.доллараар зарагддаг нүүрсийг л 100 гаруй хүн ажиллаж байж, маш өндөр зардлаар ачиж гаргадаг. Гэтэл энэ 100 грамм гар утсыг бид 500 доллараар авч байгаа шүү дээ. Энэ л Монголын эмгэнэл юм, энэ л Монголчуудын сүйрэл юм. Үүнийг бид ойлгоод үйлдвэрлэлээр дамжуулан нийгмийн баялагийг шударга хувиарлах тогтолцоог бий болгохгүй бол нийгэм тэсрэх нь байна.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Би Монгол хүн хийж болдог юмаа гэдгийг харуулах гэж л өнөөдрийг хүртэл зүтгэж байна. Би угаас материалист хүн биш, улс орноо сэрээсэй гэж л хүсч байгаа хүн. Улс орон минь үхэх, амьдрахын зааг дээр байна шүү дээ. Хөгжлийн нэгдсэн төлөвлөлт, техник технологи, инновацийг яаж эх орондоо нэвтрүүлэх вэ гэдгийг бид хэлэлцэх, ярилцах цаг болсон. Ингэж байж малчин Монголчууд машин үйлдвэрлэгч Монгол болно.

Б.ГЭРЭЛ medee.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна