Дорноговь аймгийн Олон-Овоо өртөөнөөс БНХАУ-ын Тяньжин боомт руу өнөөдрөөс буюу пүрэв гаригаас эхлэн нүүрс тээвэрлэж эхлэх гэж байна. Тус өртөөнд өнгөрсөн онд 1.4 тэрбумын шинэчлэл хийж шинэ терминалтай болсноор аймагт үйл ажиллагаа явуулдаг "Штайнколе", "Алаг тогоо", "Фриендшип Монголия" компаниудын тээврийг хийх боломжтой болжээ. Эдгээр компанийн хувьд Олон-Овоо өртөөнөөс 20 км зайд байрлах тус бүр 10 сая тонны нөөцтэй уурхай эзэмшдэг бөгөөд хоногт 200-300 вагон нүүрс тээвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн гэж "Улаанбаатар төмөр зам" мэдээлж байна. Тээвэрлэлт эхэлснээр Олон-Овоо өртөө сард найман тэрбум 865 сая төгрөгийн орлого олох боломжтой гэж тооцоолжээ. Өртөөнд шинэчлэл хийж буй хөрөнгө оруулалтын хувьд "Улаанбаатар төмөр зам", хувийн хэвшлүүдийн 50, 50 хувийн хөрөнгө оруулалтаар нийт дөрвөн тэрбум төгрөгийн төсөл хэрэгжиж байна. Хэдийгээр "Улаанбаатар төмөр зам"-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Олон-Овоо өртөөний шинэчлэлийн ажил хийгдэх байсан ч БНХАУ-д нүүрсний үнэ өссөн нь төслийг эрт эхлүүлэх шаардлагатай болжээ.
Шинэчлэлийн ажлын эхний шатнд 1.4 тэрбумын хөрөнгө оруулалтаар нүүрс ачих хоёр замтай тус бүр 400 метр урттай хоногт 300 вагон ачих хүчин чадалтай зам талбайг барьж өнгөрсөн оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан байна. Ингэснээр сүүлийн гурван сарын хугацаанд тээвэрлэлт 30 гаруй хувиар өсөж 3780 вагоны тээвэр хийжээ. Харин дараагийн шатанд хүлээн авах явуулах зургаан зам, вагон жин хэмжүүр, гаалийн бүрэн тохижилттой хяналтын талбай, зам талбайн тохижилт, гэрэлтүүлэг, ажилчдын байр зэргийг 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр байгуулахаар болсон байна. Тус ажлыг энэ оны дөрөвдүгээр сарын 7-оос зургадугаар сарын 15 хүртэл хийхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна